Видео тоглоомын салбарын ашиг орлого кино болон спортын салбарын ашиг орлогыг давжээ
Коронавирусын цар тахалтай холбоотойгоор видео тоглоомын салбарын ашиг орлого нэмэгдэж, кино болон спортын салбарын нийт ашиг орлогоос давжээ.
Дэлхийн видео тоглоомын салбарын ашиг орлого 2020 онд 179.7 тэрбум ам. долларт хүрч, жилийн эцсийн дүнгээр 20 хувиар өсөх төлөвтэй байгаа тухай International Data Corporation компаниас хийсэн судалгаагаар тогтоогджээ. Кино болон спортын салбарын тухайд коронавирусын цар тахлын улмаас маш их хэмжээний хохирол амсаад байгаа бол видео тоглоомын салбарын өсөлт 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна.
Видео тоглоомын салбар дотроо гар утасны тоглоомуудаас олсон ашиг орлого нь компьютер тоглоом болон тусгай зориулалтын төхөөрөмжний тусламжтай тоглодог тоглоомнуудаас олсон орлогыг давах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь ухаалаг утас худалдан авах нь PlayStation 5, Xbox зэрэг видео тоглоомын төхөөрөмж худалдан авахаас хямд байдагтай холбоотой аж. 2021 оноос эхлэн коронавирусын эсрэг вакцин хийгдэж эхлэхтэй холбоотойгоор видео тоглоомын салбарын ашиг орлогын өсөлт удаашрах хэдий ч 2021 ондоо багтаж дэлхийн бүх хүн ам коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Өнгөрсөн зун нийтлэгдсэн судалгаагаар иргэдийн 79 хувь нь сүүлийн 6 сард болон коронавирусын цар тахал эхэлснээс хойш видео тоглоом тоглосон хэмээн хариулжээ. Түүнчлэн 2020 онд иргэд долоо хоногт дунджаар 14 цагийг видео тоглоомд зарцуулсан бол 2019 онд 12 цагийг зарцуулж байжээ.
Эх сурвалж: Interfax.ru