Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургадугаар сард болно. УИХ хуульд заасан хугацаанд буюу сонгуулиас зургаан сарын өмнө Төрийн тэргүүнээ сонгох хуулийг батлав.
Тодруулбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуульд УИХ-д суудалтай нам 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар тусгасан бөгөөд сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг Ерөнхийлөгчөөр сонгох эрхтэй байхаар тусгав. Мөн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгоно.
Мөн авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгалаа. Үүнээс гадна эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглохоор тусгажээ.