Я.Содбаатар: Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс гарахад нь шинжилгээ хийгээгүй зөрчил шалгалтаар илэрсэн
УИХ-ын өнөөдрийн /2020.12.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ хууль чинь яаралтай шийдэх асуудал биш байна. Үүний оронд ломбардны хүүг багасгах зэрэг амьдралд хэрэгтэй хуулиа хамт оруулаад ирэхгүй дээ. Цаана чинь ард иргэд ажил хөдөлмөрөө яаж хийх вэ, тав арван төгрөгөө яаж олох вэ л гэж байна.
Гадаадад байгаа иргэдийг авна гэж зарлачихаад цуцалдаг байх хэрэггүй, боль. Шинжилгээгээ зөв хий. Эмнэлгээс гарч байгаа хүн шинжилгээгүйгээр гарна гэж байх уу даа. Наад захын энгийн ойлголтгүй яаж шинжилгээ хийх юм. Хилээр нэвтрүүлдэг зүйлээ хийлдээ. Тэр 20 жолоочийг 100 болго л доо. Тодорхой юм хэлж байна шүү. Ажлаа хий. Зөв, төлөвлөлт, төлөвлөгөөтэй халдвартай тэмцэх хэрэгтэй байна" гэв.
Шадар сайд Я.Содбаатар "Замын-Үүдийн хувьд Хятадын талаас 50 жолооч авна гэсэн. Өдөрт гурван эргэлтээр 150 машин орно. Шинжилгээний хувьд эрдэмтэд ажиллаж байгаа л даа.Сая Баянзүрх дүүрэгт хоёр удаа шинжилгээ өгч байж халдвар илэрч байна.
Төмөр замын гаралтай байж магадгүй гэж тооцож байгаа. Зарим нэг өвчтнийг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс гарахад нь шинжилгээ хийгээгүй зөрчил шалгалтаар илэрсэн" гэж мэдээллэв.