Монгол Улс дотоодод халдвар эрчимтэй тархаж байгаагаас үүдэн нийслэлд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ үеэр зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагууд QR код байршуулах журам гарсан. Энэ нь тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэний байршлыг бүртгэх зорилготой юм. Тэгвэл ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ebarimt аппликэйшнээр дамжуулан байршлын цэгийн QR кодыг уншуулах зааврыг танилцууллаа.
Иргэн Та ebarimt аппликэйшн руу орж дээд буланд байрлах COVID-19 хэсэгт /доош заасан сум/ дараад үйлчлүүлсэн газарт байршуулсан QR кодыг уншуулна. Байршлын QR кодыг уншуулснаар тухайн иргэнээс халдвар илэрсэн тохиолдолд маршрутыг шууд харж, тухайн маршрутаар тогтмол зорчдог иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх зохицуулалттай юм байна. Энэ нь иргэдийг халдварын эрсдэлээс хамгаалах зорилготой тул байршлын QR кодыг уншуулж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг уриаллаа.
Эх сурвалж: polit.mn