ЭМЯ Мэргэжлийн хяналтын газрын шалгалтад 15 зүйлээр "унаж", олон дутагдал илэрчээ
Мэргэжлийн хяналтын газрын Улсын алхах байцаагч ЭМЯ-нд албан шаардлага тавьжээ. Уг шаардлагаар тус яам Мэргэжлийн хяналтын шалгалтад 15 зүйлээр тэнцээгүй бөгөөд олон тооны алдаа дутагдал илэрсэн байна.
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧИЙН АЛБАН ШААРДЛАГА
ХЭНД: ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал танаа
УТГА: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорио тогтоосны улмаас өөр орон нутагт саатсан иргэд өөрийн орон нутаг руу буцахтай холбогдсон харилцааг зохицуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурлаас өгсөн үүрэг чиглэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөө орон нутаг руу явах иргэдээс Ковид-19 илрүүлэх шинжилгээ авч байгаа нийслэлийн 6 дүүрэг дэх нийт 20 цэгийн үйл ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Эрүүл ахуйн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, тушаал шийдвэр, стандартын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор эмчилгээний чанарын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, эм био бэлдмэлийн хяналтын 17 улсын ахлах байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалт, өдөр тутмын үйл ажиллагаанд 60 улсын ахлах байцаагч хяналт тавьж ажиллахад дараах дутагдлууд илэрлээ. Үүнд:
1. Шинжилгээний цагт ажиллаж байгаа эмч нар хамар залгиураас сорьц авах техник эзэмшүүлэх сургалтад хамрагдаагүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.3, Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн 14.2.2, Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар батлах тухай A/528 дугаар тушаалын 4.2.1 дэх заалтуудын:
2. Зарим цэгүүдэд чих, хамар, хоолойн нарийн мэргэжлээр сурч байгаа резидент эмч нар сорьц авч байгаа боловч ур чадвар, дадлага туршлага дутмагаас шалтгаалж шинжилгээг буруу /бамбар цус болсон/ авч байгаа нь эрүүл мэндийн технологи Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлийн MNS 4621:2008 стандартын дугаар бүлэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3, Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар шинэчлэн батлах тухай A/269 дүгээр тушаалын тавдугаар хавсралтын 3.1 дэх заалтуудын:
3. Эмч мэргэжилтэн бүрт өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, баталгаажуулаагүй нь эрүүл мэндийн айдын 2020 оны Түр заавар батлах тухай A/528 дугаар тушаалын 5.2.1 дэх заалтын:
4. Хамар залгиураас авсан сорьцыг зориулалтын тавиурт байршуулаагүйн улмаас сорьц холилдож, нэр хаяг солигдох, хэвтээ байрлалд зөөвөрлөгдөж байгаа нь 2020 оны Түр заавар шинэчлэн батлах тухай A/269 дүгээр тушаалын тавдугаар хавсралтын 4.5:
5. Шинжилгээ хийгдэх цаг эхлэхээс өмнө хамгаалах хувцас хэрэгсэл бэлэн байлгаагүйгээс шинжилгээ цагаасаа хоцорч эхэлсэн бүртгэлийн программын хурд хэт удаан байснаас дэглэм алдагдсан, шинжилгээний хариу 24-48 цагийн хооронд гарахгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.24, Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар батлах тухай A/528 дугаар тушаалын 5.3.1 дэх заалтуудын:
6. Хамгаалах хувцасны хүрэлцээ хангалтгүй байсан тул шинжилгээ авах цэгт ажиллаж байгаа эмч нар өдрийн турш нэг хувьцастай ажилласан нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар шинэчлэн батлах тухай A/269 дүгээр тушаалын зургадугаар хавсралтын 9.5, Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар батлах тухай A/528 дугаар тушаалын 5.2.3 дахь заалтуудын:
7. Нэг удаагийн зориулалттай нүүрний хаалтыг халдваргүйжүүлэн, халаалтын систем /паар/ дээр тавьж хатаан, давтан хэрэглэсэн нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар шинэчлэн батлах тухай A/269 дүгээр тушаалын долдугаар хавсралтын 4.1 дэх заалтын:
8. Халдвартай хог хаягдлыг хийх шар өнгийн уутны хэмжээ жижиг, нөөц бага, хогийн саванд багадсан учраас бохир /хэрэглэсэн/ хамгаалах хувцас хэрэгслийг энгийн хог хаягдлын хар өнгийн уутанд цуглуулсан нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 505 дугаар Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтын 1.3.1, хоёрдугаар хавсралтын 2.28, 2020 оны Түр заавар батлах тухай A/528 дугаар тушаалын 3.9 дэх заалтуудын:
9. Эрүүл мэндийн сайдын тушаалд заасны дагуу халдвартай хог хаягдлыг тээвэрлэж, устгах байгууллага нь зөвхөн халдвартай аюулгүй хог хаягдал хүлээж авах учир ариун цэврийн өрөөнд их хэмжээний халдвартай хог хаягдал хийсэн хар өнгийн ууттай хог хаягдлыг түр хадгалсан нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 505 дугаар Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтын 5.5 дахь заалтын:
10. Урсгал зохион байгуулалт буруу, шаардлагатай өрөө тасалгааг бэлтгээгүй 21, 87-р сургууль нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар батлах тухай A/528 дугаар тушаалын 2.38 2.4 дэх заалтуудын:
11. Сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтын 3.2, 3.4 дэх заалтуудын:
12. Иргэдийн биеийн халууныг үзээгүй, гарыг халдваргүйжүүлээгүй зэрэг нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны Заавар батлах тухай A/537 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1.1 дэх заалтуудын:
13. Мэргэжлийн бус хүн сургуулийн үйлчлэгч /улаан бүсэд ажиллуулж, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж, халдвартай хог хаягдалтай харьцаж байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар шинэчлэн батлах тухай A/269 дүгээр тушаалын зургадугаар хавсралтын 4.1, Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар батлах тухай a/528 дугаар тушаалын 4.2.4, 4.2.5 дахь заалтуудын:
14. Хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх, тайлах аргачлал дараалал бүхий зурагт хуудас, биеийг бүхлээр харах боломжтой том толь зэргийг байршуулаагүй нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны Түр заавар шинэчлэн батлах тухай A/269 дүгээр тушаалын зургадугаар хавсралтын 9.2, 9.3 дахь заалтуудын:
15. Шинжилгээний сорьцыг хадгалж байгаа нь хэм тодорхойгүй, хөргөгч болон сорьц зөөвөрлөх саванд термометр байрлуулаагүй, хэлхээний төлөв алдагдсан нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны Сорьж зөөвөрлөх журам батлах тухай A/93 дугаар тушаалын 2.6, 2020 оны Түр заавар шинэчлэн батлах тухай A/269 дүгээр тушаалын тавдугаар хавсралтын 4.1 дэх заалтын шаардлагыг тус тус хангахгүй байна.
Иймд дээрх дутагдлуудыг арилгуулахаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн дараах ажлуудыг хийж, гүйцэтгэхийг ШААРДАХ НЬ:
1. Шинжилгээний цэгт ажиллаж байгаа багийн бүрэлдэхүүнийг хамар залгиураас сорьц авах техник эзэмшүүлэх, түргэвчилсэн оношлуур ашиглах, сорьц тээвэрлэх, цэвэрлэгээ халдваргүйтгэл хийх, хамгаалах хувцас өмсөх, тайлах, гар угаах, халдваргүйжүүлэх дадлага, сургалтад хамруулсны дараа ажиллуулах:
2. Эмч, мэргэжилтэн бүрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулан, ажлын хариуцлагыг өндөржүүлж, одоогийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж цаашид авах арга хэмжээг сайжруулан ажиллах:
3. Сорьцыг асгарахаас сэргийлэн био аюултай илгээмж, био бэлдмэл тээвэрлэх журмын дагуу 3 суурьт савлалтын аргаах савлах:
4. Шинжилгээ авах үйл ажиллагаа эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хүний хэт бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, сорьж авсан шинжилгээний хариуг хугацаанд нь шийдвэрлэж зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж
5. Хамгаалах хувцас хэрэгчлийн зориулалт, үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглүүлэх буюу нэг удаагийн зориулалттай хэрэгслийг давтан хэрэглэхээс сэргийлж нөөцийг тасралтгүй бүрдүүлэх:
6. Халдвартай хог хаягдлыг шаардлага хангасан /амархан цоорч гэмтхээргүй 7 микроноос багагүй зузаантай/, зориулалтын шар өнгийн уут бүхий хөлөөр дарж онгойдог хогийн саванд ангилан ялгаж, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр устгах нөхцлөөр хангаж ажиллах:
7. Нэг чигийн урсгалтайгаар зохион байгуулах боломж бүхий байрыг шинжилгээ авах цэгээр сонгох.
8. Шинжилгээ авч байгаа цэгт мэргэжлийн бус хүн /сургуулийн багш, үйлчлэгч/ ажиллуулахгүй байх:
9. Цэг бүрт хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх, тайлах аргачлал дараалал бүхий зурагт хуудас, биеийг бүхлээр харах боломжтой том толийг байршуулах:
10. Шинжлигээний сорьцыг түр хадгалах, зөөвөрлөх саванд термометр байршуулж, оношлуур, сорьцын найдвартай байдлыг хангаж ажиллах зэрэг болно
Дээрх албан шаардлагыг хэрэгжүүлэ, гүйцэтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэст албан бичгээр ирүүлэхийг мэдэгдье. Албан шаардлагыг биелүүлэгүй, хугацаанд нь хариу ирүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтуудын дагуу хариуцлага тооцохыг мэдэгдье. Улсын ахлах байцаагчдын хамтарсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.
АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:
ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН
ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Д.ЦЭНД-АЮУШ
ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН
ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ТАНИЛЦАЖ ХҮЛЭЭН АВСАН: ЭМЯ-НЫ ТНБД Я.АМАРЖАРГАЛ