Халдвар тархаагүй байсан Антарктид тивд коронавирусийн 36 тохиолдол бүртгэгдлээ
Цар тахалд өртөөгүй үлдээд байсан дэлхийн сүүлчийн тивд коронавирусийн халдвар тарсныг өчигдөр мэдээлжээ.
Антарктид тивд оршдог судалгааны станцын ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсэн тухай Чили улсын зэвсэгт хүчин мэдээлсэн юм. Бернардо О Хиггинс баазад тогтмол байрладаг нийт 36 хүнээс халдвар илэрсний 26 нь Чилийн армийн алба хаагчид, 10 нь гэрээгээр баазад ажилладаг энгийн хүмүүс байжээ.
Антарктидын хамгийн хойд талын эрэгт оршдог тус бааз нь Чилийн зэвсэгт хүчний удирдлагад байдаг юм. Халдвар авсан хүмүүсийг Антарктид тивд ойрхон оршдог Чилийн Магалланес мужийн эмнэлэгт тусгаарлажээ.
Чили улсын хамгийн өмнөд хэсэгт байрладаг Магалланес муж нь Антарктид тив рүү зорчигсдын дамжин өнгөрөх гол цэг юм. Уг муж коронавирусийн цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Чилийн бүс нутгуудын нэг ажээ. Антарктид тив даяар 38 станцад 1,000 орчим хүн байнга амьдардаг. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст өвлийн улирал болж, хүмүүсийн урсгал багассанаас коронавирусийн халдвар тархалгүй өдийг хүрсэн байна.
Харин хавар болж, дулаарснаар Антарктидыг зорих хүний тоо нэмэгдэж, үүнийг дагаад халдвар тарах эрсдэл нэмэгдээд байжээ. Арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 10-ны хооронд Чилийн тэнгисийн флотын 208 хүнтэй хөлөг Антарктид орчимд аялах үеэр гурван усан цэргээс коронавирусийн халдвар анх илэрч байсан гэнэ.
Эх сурвалж: BBC