Английн нутаг дэвсгэрт коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар хурдацтай тархаж байгаа тул дэлхийн улс орнууд, нэн ялангуяа хамгийн ойрын хөрш Европ тивийн орнууд Их Британиас иргэд болон ачаа тээвэр хүлээж авахаас татгалзаж, хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл мутацид орсон коронавирусийн талаар эрдэмтэд дараах мэдээллийг өгч байна.
Их Британийн Засгийн газрын мэргэжилтнүүд урьд өмнө бүртгэгдсэн коронавирусийн мутацид орсон хувилбараас энэ удаагийн VUI – 202012/01 хувилбар илүү халдварлах чадвар өндөр байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм. Судалгааны ажил эхний шатандаа явагдаж байгаа тул хариултгүй олон асуулт байна.
Коронавирусийн мутаци ба тархалт
Англид газар авсан коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарыг есдүгээр сард анх илрүүлсэн. 11 дүгээр сар гэхэд Лондонд илэрч байгаа шинэ тохиолдлуудын дөрвөн хүн тутмын нэг нь үүгээр халдварласан болохыг тогтоосон. Удалгүй буюу 12 дугаар сарын дунд үед нийт тохиолдлын 2/3 нь мутацид орсон хувилбараар халдварлаж эхэлжээ.
Лондоны эзэн хааны коллежийн доктор Эрик Вольц болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар шинэ хувилбарын тархах хурд 70 хувиар нэмэгдсэн гэдгийг мэдээлсэн байна.
Одоогоор Умард Ирландаас бусад Их Британийн бүрэлдэхүүн гурван улсад мутацид орсон коронавирус илэрчээ. Хамгийн их бүртгэгдсэн нутаг дэвсгэр нь Лондон, зүүн өмнөд болон зүүн Англи болоод байна. Мөн Дани, Австрали, Нидерландад Их Британиас зөөвөрлөгдөн ирсэн байж болзошгүй тохиолдлууд бүртгэгджээ.
Өмнөд Африкт коронавирусийн ижил төстэй шинэ хувилбар бүртгэгдсэн боловч Англид тархсан хувилбартай холбоотой эсэх нь нотлогдоогүй.
Коронавирус мутацид орж хувирч, өөрчлөгдөж буй тохиолдол анхных нь биш юм. БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн Ковид-19 коронавирус нь одоо дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгдэж байгаа вирустэй адилгүй байсан билээ. Энэ жилийн хоёрдугаар сард D614G нэртэй коронавирусийн мутацид орсон хувилбар дэлхий даяар хамгийн их тархжээ. Харин Европ даяар А222V коронавирус тархаж, Испанийн нутаг дэвсгэрийг өргөн хүрээтэй хамарсан байна.
Хамгийн их санаа зовж буй асуудал нь одоо үйлдвэрлэгдэж байгаа коронавирусийн эсрэг вакцинууд шинээр өөрчлөгдөж буй коронавируст нөлөөлөх эсэх асуудал юм. Энэ тал дээр эрдэмтэд коронавирус хувирч өөрчлөгдөж байгаа ч вакцин бүрэн дархлаа тогтоох чадамжтай гэж хариулжээ. Үгүй байлаа гэхэд яг одоогийн нөхцөл байдалд үйлдвэрлэсэн вакцинууд үйлчилнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС