Я.Содбаатар: Арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл Улаанбаатар руу орох хөдөлгөөн нээлттэй
Нийслэлд үүсээд буй цар тахлын шинэ голомтыг хумих арга хэмжээний талаар Засгийн газраас мэдээлэл хийх үеэр Шадар сайд Я.Содбаатар Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөний талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрээр "Өмнө нь хатуу хөл хорио тогтоох үед олон иргэд хөдөөнөөс гэртээ ирэх гээд гацчихсан. Халдваргүй бүсээс ирж байгаа бол Улаанбаатар руу орох хөдөлгөөн арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл нээлттэй. Гарах хөдөлгөөн хаалттай байгаа.
Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн гарах хөдөлгөөн дээр хатуу хяналт тавьж байна. Улаанбаатар хотод халдвар голомтлон гарч байгаа учир хүнсний зориулалт, буяны ажил гээд тодорхой хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг Улаанбаатараас гаргах чиглэл өгсөн. Энэ хугацаанд иргэд хүнс нөөцлөх янз бүрийн асуудал байдаг.
Нийтээрээ энд тэнд дараалалд зогсоод дэглэм алдчихгүй байх гэж найдаж байна. Ганцхан манай улс хатуу хөл хорио тавиагүй. Бүх улс оронд хөл хорио тавьж байгааг харж байгаа" гэв.