Монголчууд дундаж наслалтаараа дэлхийд 189 орноос 99-д бичигджээ
НҮБ-ын хүний хөгжлийн индексийн гаргасан мэдээллээр Норвеги улс амьдрахад хамгийн таатай орноор тодорчээ. Норвеги улс нь олон жилийн турш тус жагсаалтын дээгүүрт бичигдсээр ирсэн юм.
Харин том эдийн засагтай, хүчирхэг гүрнүүд болох Их Британи, АНУ зэрэг улсууд шилдэг арван орны тоонд ч багтаагүй байна.
ХХИ-ийг тухайн орны иргэдийн дундаж наслалт, сургуульд сурах жил, сурч буй дундаж нас, нийт орлого зэргээр тогтоодог гэнэ. НҮБ жил бүр нийт 189 орны ХХИ-ийг тооцоолж, эрэмбэлдэг. Энэ жилийн хувьд Норвеги улсад иргэдийн дундаж наслалт 82.4 хэмээн тоологдож, нэгдүгээр байранд орсон байна. Харин Их Британид иргэдийн дундаж наслалт 81.3, АНУ-д 78.9 байгаа аж.
Харин Ирланд улсын ард иргэдийн дундаж наслалт 82.3 буюу өнгөрсөн жилийнхээс нэг байр ахиж, хоёрдугаарт бичигдсэн байна. Жагсаалтын гуравдугаарт Швейцарь орсон бол араас нь Хонгконг, Исланд, Герман, Швед, Австрали, Нидерланд, Дани зэрэг улсууд жагсаж, Их Британи 13, АНУ 17-р байранд бичигджээ. Харин эсрэгээр хамгийн сүүлийн байранд 62.4 жилийн дундаж наслалттай Нигер улс бичигдсэн байна. Монгол Улсын иргэдийн дундаж наслалт 69.9 буюу 99-р байранд жагссан байна.
Эх сурвалж: Өдрийн сонин