Цар тахлын хэмжээнд хүрсэн "Сovid-19" халдварын нөхцөл байдалтай холбогдуулан малчдаас хүнс, эм хэрэгслийн хангамж эрүүл мэндийн үйлчилгээний талаарх судалгаа авчээ. Судалгаагаар малчдын 23 хувь нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүгийн чадваргүй гэсэн дүн гарсан байна.
Харин 68 хувь нь хүнсний хангамж сайтай байна. Хүнс худалдан авах чадваргүй болсон малчид нь Архангай, Дундговь, Завхан аймгийнх бөгөөд малаа зах зээлд борлуулж чадаагүй тул санхүүгийн хямралд өртжээ. Мөн малчдын 66 хувь нь малын мах, арьс ширээ зах зээлд борлуулж чадаагүй байна.
Малчдын 70 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой бол 21 хувь нь авч чадахгүй, 9 хувь нь санхүүгийн чадваргүйд хүрчээ. Завхан, Говь-Алтай, Архангай, Дундговь аймгийн зарим сумдад малчид эрүүл мэнд, эмийн үйлчилгээ авах боломж хомс, хязгаарлагдмал байгаа аж. Мөн малчдын цөөн хувь нь санхүүгийн хямралаас үүдэн эм худалдан авах чадваргүй болсон байна.
Энэ талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны судалгаанд дурджээ. Тус холбооноос энэ сарын 9-13-нд өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх судалгааг хийсэн нь энэ аж. Уг судалгаанд орон нутагт зудын эрсдэлийн үнэлгээг ч бас гаргасан байна. Тодруулбал, найман аймгийн 75 суманд зудын эрсдэл нүүрлэжээ. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймагт отор нүүдэл их байгаа нь өвөлжилт хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлжээ. Эдгээр найман аймгийн сумдад 44.783 өрхийн 18.5 сая мал өвөлжих тооцоо бий. Үүнээс найман мянган өрх буюу 19 хувь нь, нийт 4.3 сая мал буюу 27.1 хувь нь оторлож байгаа аж.
Түүнчлэн өвс тэжээлийн хангамж хүрэлцээний талаар судалхад малчдын 20 хувь нь тэжээлийн нөөцөө дууссан бол 12 хувь нь тэжээл худалдан авах чадваргүй болжээ. Мөн 66 хувь нь өвс тэжээлийн үнэ зах зээлийн үнээс хэт өндөр болохыг шүүмжилсэн байна. Өвс тэжээл худалдан авах санхүүгийн боломжгүй болсон малчдын ихэнх нь Говь-Алтай аймгийнх аж. Иймд өвс тэжээлийн нөөц, хүрэлцээг нэмэгдүүлснээр зудыг аюул багатай даван туулна гэж малчид үзсэн байна.