Л.Төмөрбаатар: БЗД-ийн халдварын дам хавьтал нэмэгдэх хандлагатай байна
Нийслэлийн Онцгой комиссоос шуурхай мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар илэрснээс хойш тус голомтод 32 хүнээс коронавирус илрээд байна. Дүүргийн эмнэлэгт халдвар гарсан ч Баянзүрх дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хаанаас авах вэ гэдэгт санаа зоволтгүй, бид зохицуулалт хийж байна. Дотоодын халдвар гарснаас хойш НОК-оос одоогийн байдлаар давхардсан тоогоор 250 мянган иргэнд коронавирусийн шинжилгээ хийсэн. Үүний дийлэнх нь PCR шинжилгээ байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр иргэд хөдөлгөөнд ороод эхэллээ. Халдварын эрсдэл өндөр энэ үед гадуур их явах нь сайн зүйл биш.
Манай улс хөл хөдөлгөөнийг хязгаарласнаар халдварын голомтыг бариад байсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан иргэдийн ойрын хавьтлуудыг шинжилгээнд бүрэн хамруулсан. Дам хавьтал болох 1000 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Өнөөдөр, маргаашдаа дам хавьтлуудын шинжилгээ авч дуусгана. Иргэд хөдөлгөөнөө багасгаж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Амны хаалт зүүх, зай барих, гараа ариутгах хэрэгтэй гэж НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар зөвлөлөө.