Биткоины ханш 22 мянган ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо
Дэлхийн хамгийн том криптовалют болох Биткоины ханш нэг өдрийн дотор даруй 15 хувиар өсч, пүрэв гарагийн эхэнд 22327 долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ талаар дижитал валютын чиглэлээр мэргэшсэн мэдээллийн сайт CoinDesk мэдээлжээ.
2020 онд Биткоины ханш 200 орчим хувь өсөөд байгаа бөгөөд огцом өсөлтийн нөлөөгөөр Биткоины зах зээлийн үнэлгээ 410 тэрбум доллароос давжээ. Энэ нь Америкийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн конгломерат JPMorgan -ийг давсан өндөр үнэ цэнэ юм гэж 20 гаруй биржийн дундаж ханшийг нэгтгэн мэдээлдэг CoinMarketCap портал онцолсон байна.
Олонх шинжээчид өсөлтийг Чикагогийн худалдааны бирж /CME/ 2021 оны хоёрдугаар сараас Ethereum фьючерсийг нэвтрүүлэх гэж буйгаа зарласантай холбон тайлбарлаж байна. Бирж тус шийдвэрээ өсөн нэмэгдэж буй эрэлт, биткоин фьючерс болон опционы зах зээл дээрх тогтвортой өсөлтөд үндэслэжээ. Харин сүүлийн өдрийн огцом өсөлт нь өнгөрсөн долоо хоногт хоёр том хөрөнгө оруулагч нэг дор крипто зах зээл дээр гарч ирсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт 27 тэрбум долларын хөрөнгөтэй Ruffer хөрөнгө оруулалтын сан криптовалютад 15 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа зарласан. Мөн Америкийн MassMutual хөрөнгө оруулалтын сан 100 сая доллараар 5470 биткоин авсан юм. *Опцион -Тодорхой хөрөнгийг тодорхой үнээр урьдчилан тохирсон хугацаанд худалдаж авах эсвэл худалдах эрхийг олгодог гэрээний нэг төрөл юм.
Эх сурвалж: BBC