“Google” корпорацийг шударга өрсөлдөөнд саад хийсэн гэж буруутгалаа
Америкийн Техас зэрэг хэд хэдэн муж “Гүүгл” корпорацийг монополийн эсрэг хууль зөрчсөн, тэр дундаа “Фэйсбүүк” компанитай үгсэн хуйвалдаж, шударга өрсөлдөөнд саад хийсэн гэж буруутгалаа. Энэ тухай Техас мужийн ерөнхий прокурор Кен Пакстон шүүхэд гаргасан гомдолдоо тэмдэглэхдээ “Гүүгл корпорацийн интернэтийн зар сурталчилгааны салбарын монопольчлол, тэр дундаа Фэйсбүүктэй хийсэн өрсөлдөөний эсрэг тохиролцоо нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлж, өрсөлдөөн явуулахад саад хийж байна” гэжээ.
“Гүүгл”, “Фэйсбүүк” компаниуд интернэтийн зар сурталчилгааны зах зээлтэй холбоотой хэд хэдэн салбарт хоорондоо өрсөлдөхөөс зайлсхийхээр тохиролцсон гэж Техасын ерөнхий прокурор баталж байна. Түүнчлэн энэ салбарт үнэ зохицуулахыг оролддог гэж буруутгажээ.
Техас мужийн Зүүн тойргийн холбооны шүүхэд гаргасан энэ гомдолд Техасаас гадна Айдахо, Арканзас, Индиана, Кентакки, Миссисипи, Миссури, Хойд болон Өмнөд Дакота, түүнчлэн Юта муж нэгджээ.
“Гүүгл” корпорацийн төлөөлөгчид өөрсдийг нь үндэслэлгүйгээр буруутгаж байна гэж мэдэгдсэн. Энэ корпораци зар сурталчилгааны технологийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулсан нь хэрэглэгчдэд болон бусад компанид ч ашигтайгаар нөлөөлсөн гэж тэмдэглэсэн байна. Түүнчлэн шүүхэд үндэслэлгүйгээр буруутгасан асуудалд өөрсдийгөө хамгаалах болно гэж мэдэгджээ.
Өнгөрөгч 10 дугаар сард АНУ-ын Ерөнхий прокурорын газрын үүргийг гүйцэтгэдэг АНУ-ын Хууль зүйн яам “Гүүгл” компанийг шүүхэд өгсөн юм. Яамнаас мөн л тус корпорацийг онлайн талбар дахь өрсөлдөөнд шударга бусаар оролцдог гэжээ. Тухайн үед Америкийн 11 муж энэ нэхэмжлэлд нэгдсэн. Тиймээс Америкийн хэвлэлүүдээр сүүлийн 10 жилд гарч байгаагүй, монополийн эсрэг хамгийн том зарга гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Business Insider