Жилд 31 сая метр куб уулын цул тэслэх боломж бүрдэнэ
Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд баригдаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн шинэ барилгын явц өнөөдрийн байдлаар, 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн 8 дугаар сард эхэлсэн уг төслийг ирэх оны 5 сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй юм. Захиалагч болон гүйцэтгэгч талуудын хамтын ажиллагааны үр дүнд барилга угсралт болон дотоод тоног төхөөрөмжийн угсралт тохируулга урагштай үргэлжилж буйг Ил уурхайн Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж онцлов.
Одоогийн ажиллаж буй Эмульсийн тэсрэх бодисийн үйлдвэр жилд 10000 тонн тэсрэх бодис үйлдвэрлэдэг бол шинэ үйлдвэр 15000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн шинэ технологиор үйлдвэрлэх тэсрэх бодисыг энгийн найрлагатай тэсрэх бодистой хамт 80:20 харьцаагаар хэрэглэхэд жилд 31 сая метр куб уулын цул тэслэх боломж бүрдэнэ.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зэрэг давуу талтай юм байна. Түүнчлэн дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, эхний 15 жилийн хугацаанд 75.7 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгөх юм.
М.Балжинням
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.