БНХАУ Австралийн нүүрсний импортыг албан ёсоор хориглолоо
Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын төрийн төв хэвлэлд анх удаа Австралийн нүүрсний импортод хориг тавьсан тухай мэдээлжээ. Хятадын англи хэл дээр мэдээлэл түгээдэг Глобал Таймс цахим хуудаснаа Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны эрх баригчид улсынхаа эрчим хүчний гол 10компанийн төлөөлөгчидтэй уулзахдаа зөвхөн Австралийн нүүрсний импортыг хязгаарлах, харин Монгол, Орос, Индонез зэрэг улсуудаас ямар нэг хатуу хязгаарлалтгүйгээр нүүрс авах эрх өгсөн болохыг мэдээлсэн байна.
Глобал Таймсийн энэ мэдээний дараа Австралийн нүүрсний уурхайнуудын хувьцааны ханш огцом унажээ. Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон нүүрсний экспортод нь хориг тавьсан эсэхийг Бээжингээс тодруулна, хэрвээ Хятад нүүрсний экспортод нь хориг тавьж байгаа бол энэ нь хоёр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр болон Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ноцтойгоор зөрчих болно гэж мэдэгдсэн байна. гэхдээ Австрали улс Хятадын засгийн газартай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна.
Учир нь Хятад нь Австралийн нүүрсний гол зах зээлүүдийн нэг. Өнгөрсөн онд Австрали улс Хятадад 14 тэрбум ам.долларын нүүрс экспортолжээ. Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Вьетнам зэрэг орнууд ч Австралиас нүүрс авдаг. Өнгөрсөн 4 дүгээр сараас хойш Хятадын засгийн газар Австралийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлж, сүүлийн хэдэн сард Австрали улсаас экспортолсон нүүрсийг боомтууд дээрээ хүлээж авахгүй байгаа.
Үүнээс үүдэж Хятадын далайн боомтуудад Австралийн 700гаруй сая долларын өртөг бүхий, нүүрс ачсан 60 гаруй хөлөг онгоц гацсан байдалтай байна. Гэхдээ Хятадын засгийн газар өнөөдрийг болтол Австралийн нүүрсийг яагаад гацааж байгаа талаар албан ёсны тайлбар өгөөгүй байсан. Австрали Хятадыг коронавирус тараасан эсэхийг мөрдөн шалгах нь зүйтэй гэсэн Өрнөдийн орнуудын уриалгад нэгдсэн. Энэ нь Хятадтай харилцаа нь муудах гол шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider