"Apple" компанийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, үйлдвэрийн байраа сүйтгэжээ
Энэтхэгийн Бангалор хотын ойролцоо байрлах Apple компанийн iPhone гар утасны үйлдвэрийн 100 гаруй ажилчдыг баривчилжээ.
Тус үйлдвэрийн ажилчид өнгөрсөн дөрвөн сарын турш цалингаа бүтэн аваагүй мөн үйдвэрээс илүү цагаар ажиллуулж байсныг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлжээ. Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэг дээрээс iPhone гар утасны үйлдвэрийн байрны хяналтын камеруудыг эвдэлж, шилэн хаалтууд, гэрэл чийдэнгүүдийг нь хагалсан дүр зургийг харж болох юм. Тайванийн удирдлага дор ажиллаж, iPhone гар утсыг үйлдвэрлэдэг Wistron компани Энэтхэгийн хөдөлмөрийн хуулийг дагадаг хэмээн "үл таних этгээдүүд үйлдвэрт гаднаас зөвшөөрөлгүй нэвтрэн, үл мэдэгдэх зорилгоор үйлдвэрийн эд хогшлыг сүйтгэсэн" гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагааг аль болох хурдан эхлүүлнэ хэмээн онцолжээ. Times of India сонины мэдээлснээр хорлон сүйтгэх ажиллагаа нь өнгөрсөн бямба гарагийн өглөө, шөнийн ээлжинд ажилласан 2000 ажилчид ээлжнээсээ буух үеэр болсон гэжээ. Карнатака мужийн орлогч сайд Ашватнараян болсон үйл явдлыг буруушааж буйгаа илэрхийлэн, засгийн газраас хэрэг явдлыг "түргэн хугацаанд шийдэх" болно хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрээр өөрийн твиттер хуудаснаа засгийн газраас бүх ажилчдын эрхийг зохих ёсоор хамгаална хэмээн бичсэн байна.
The Hindu сонинд үйлдвэрчний эвлэлийн нэгэн гишүүн ярилцлага өгөхдөө Бангалор дахь iPhone утасны үйлдвэрийн удирдлагууд ажилчдын эрхийг бүдүүлгээр зөрчих явдлыг Энэтхэгийн засгийн газраас зөвшөөрсөн хэмээн онцолжээ. Wistron үйлдвэрт 15 мянга орчим хүн ажилладаг ба ихэнх ажилчид нь хөдөлмөр зуучлалын газруудын гэрээгээр тус үйлдвэрт ажилд орсон аж.
Эх сурвалж: appleinsider.com