Эрдэмтэд батарейн үйлдвэрлэлд ашиглах боломжтой шинэ материал гарган авчээ
АНУ-ын Пенн Стэйтийн Их сургуулийн судлаачид шинэ төрлийн Натри-ионы электролитыг гарган авчээ. Энэ электролит нь хатуу төлөвт байх бөгөөд уламжлалт шингэн электролитын материалуудтай харьцуулахад аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллана хэмээн судлаачид дүгнэсэн аж.
Хэрэв шингэн электролитыг цельсийн 150-аас ээс дээш хэмд халаавал шатах, тэсрэх аюултай. Харин судлаачдын гарган авсан материал нь 400 хэм хүртэлх температурт ажиллаж боломжтой гэнэ.
"Тус батарей нь анод, катод, электролит хэмээх үндсэн 3-н хэсгээс бүрддэг. Бидний ашиглаж буй ихэнх дахин цэнэглэгддэг батарей буюу зөөврийн хэрэгслүүдэд ашиглагдаж байгаа батарейн хувьд шингэн электролитыг ашиглаж байна. Шингэн электролит нь аюулгүй ажиллагааны хувьд эрсдэлтэй буюу шатах, тэсрэх аюултай" гэж Пенн Стэйтийн Их сургуулийн профессор Донхай Ван хэлсэн байна.
Судалгааны багийн гарган авсан шинэ материал нь натри, фосфор, цагаан тугалга, хүхэр зэрэг элементүүдээс бүрдэх бөгөөд кристалл бүтцийн хувьд тетрагональ бүтэцтэй. Натри нь литиг бодвол илүү олдоц сайтай байдаг учраас одоо бидний хэрэглэж буй лити-ионы батарейн технологиос илүү хямд байх юм. Хамгийн гол үзүүлэлт болох аюулгүй байдлын хувьд хэд дахин илүү байж чадах юм.
"Бидний гарган авсан материал нь өндөр температурт маш тогтвортой" гэж судалгааны багт зочин судлаачаар ажиллаж байгаа доктор Жаүшин Юү хэлжээ.
Эх сурвалж: Business Insider