Америкчууд ирэх долоо хоногоос эхлэн коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж эхэлнэ
АНУ-ын Хүнс болон Эмийн чанарын хяналтын албаны мэргэжилтнүүд Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг яаралтай журмаар батлахыг санал нэгтэйгээр зөвшөөрчээ.
Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин Их Британи, Канад, Бахрейн болон Саудын Араб зэрэг орнуудад хэдийн зөвшөөрөгдсөн ба Их Британи улсад иргэдийг вакцинжуулах ажил энэ долоо хоногт эхэлсэн билээ. АНУ-ын Хүнс болон Эмийн чанарын хяналтын албаны Вакцин хариуцсан дарга Монсиф Слауи Pfizer компанийн коронавирусын эсрэг вакцинд зөвшөөрөл олгох эцсийн шийдвэрийг гаргах юм. Америкийн Эрүүл мэндийн сайд Алекс Азарын мэдэгдсэнээр Pfizer/BioNTech компаниудын гаргасан вакцин зөвшөөрлөө авсан тохиолдолд иргэдийг уг вакцинд хамруулах ажил ирэх долоо хоног гэхэд эхлэх гэнэ.
Түүнчлэн АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусын эсрэг вакциныг нийлүүлэх хөтөлбөрийн дагуу Pfizer/BioNTech компаниудын вакцин зөвшөөрлөө албан ёсоор авсаны дараа 24 цагийн дотор уг вакцины эхний тунгуудыг АНУ руу тээвэрлэх ажил эхлэх гэнэ. Pfizer компани 12-р сарын сүүл гэхэд АНУ-д 6.4 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөөд байгаа ба энэ нь эхний ээлжинд 3 сая хүнийг вакцинд хамруулахад хангалттай аж. АНУ-ын Өвчний хяналт, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв коронавирусын эсрэг вакцинд хамгийн түрүүнд АНУ-ын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 21 сая хүн, өндөр настны асрамжийн газруудад амьдарч буй 3 сая ахмад хамрагдах ёстой хэмээн үзэж байна.
Нөгөөтэйгүүр коронавирусын эсрэг вакцинд хамгийн түрүүнд хэнийг хамруулахыг мужийн удирдлагууд шийдэх ба коронавирусын халдвар авах эрсдэл багатай бүлгийн иргэд коронавирусын эсрэг вакцинд 2021 оны хавар хамрагдаж эхлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: BBC