Интернет технологи, харилцаа холбооны дэлхийн хамгийн том компаниудын нэг болох "Tencent Holdings" Монако улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний "ирээдүйн хот"-ыг Хятадын Шэньжэнд байгуулахаар болжээ.
"Нет Сити" хэмээх нэртэй болоод байгаа тус хотод Tencent компанийн офисуудаас гадна худалдааны төв, кафе, зоогийн газрууд, сургууль, цэцэрлэгт хүрээлэн, зэрэг байрлах ба 80 мянга орчим хүн амтай байх аж. Тус хотын загварыг гаргасан Америкийн NBBJ компани автомашинаас ангид байх нь хотын гол онцлог болохыг онцолжээ. Тодруулбал NBBJ компанийн зүгээс автомашингүй хот байгуулахыг хичээсэн ба явган зорчигчид болон ногоон байгууламжийг чухалчилжээ. Түүнчлэн Нет Ситид баригдах байшин барилгууд дээвэр дээрээ нарны хураагууртай байх ба хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах системтэй байх аж.
Tencent компанийн ирээдүйн хотын барилга байгууламжийг дэлхийн цаг уурын өөрчлөлт, далайн усны түвшин нэмэгдэх зэргийг тооцоолон барьж байгуулах ба хотыг барих ажил 7 орчим жил үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Нет Сити нь Шэньжэний бусад дүүргүүдтэй гүүрэн зам, метро болон усан онгоцоор холбогдох аж.
Эх сурвалж: CNN