"Facebook" компани "Instagram", "WhatsApp" аппликейшнээ худалдахаас өөр аргагүй болсон уу?
АНУ-ын Холбооны Худалдааны Комисс олон нийтийн сүлжээний "Facebook" компанийг цахим орчинд монополь тогтоон дангаар ноёлж байна гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ.
Үүний дагуу Худалдааны Комисс нь тус компанийг нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд олон нийтийн сүлжээний "Instagram", "WhatsApp" зэрэг аппликейшнийг худалдах ёстой гэж мэдэгдсэн байна.
Худалдааны Комисс нь албан ёсны мэдэгдлээр "Facebook"-ийг "олон жилийн турш салбартаа өрсөлдөгчгүй болохын тулд шинээр гарч ирж буй компаниудыг дарамтлах эсвэл шууд худалдаж авах гэх мэт аргыг хэрэглэж ирсэн" гэж буруутгажээ.
Тус комисс нь 2012 онд "Facebook" компани "Instagram"-ийг худалдаж авах үеэс монополь тогтоосон эсэхийг тодорхой болгох мөрдөн байцаалт эхлүүлсэн бөгөөд 2014 онд "WhatsApp"-ийг худалдаж авсны дараа зарга нь үүсгэхээр бэлдсэн байна.
Холбооны шүүх "Тус компани үнэхээр монополь тогтоосон бол "Instagram", "WhatsApp" зэрэг хөрөнгийг худалдах; цаашид том хэмжээний худалдан авалт хийх болбол Холбооны Худалдааны Комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай болно.” гэж мэдэгджээ
Үүний хариуд "Facebook"-ийн дэд ерөнхийлөгч, ерөнхий зөвлөх Женнифер Ньюстид “Монополийн эсрэг хуулиуд нь амжилттай бизнес эрхлэгчдийг шийтгэх биш харин хэрэглэгчдийг хамгаалах, инновацийг дэмжих зорилгоор бүтээгдсэн. Facebook, олон сая долларын хөрөнгө оруулалт хийж сүүлийн жилүүдэд эдгээр бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхдог сая сая хүмүүст зориулсан шинэ боломжуудыг хөгжүүлж ирсэн. Үүний хүчинд "Instagram", "WhatsApp" нь одоогийнх шигээ гайхалтай бүтээгдэхүүн болсон" гэж хэлжээ.
Холбооны Худалдааны Комисс нь 2018 онд хэрэглэгчдийн хувийн нууцтай холбоотой асуудлаар "Facebook"-ийг шалгаж эхэлсэн боловч дорвитой үр дүнд хүрээгүй билээ.
Мэдээллийн нууцлал, түүний дотор АНУ болон дэлхийн бусад сонгуулиудад үзүүлэх нөлөө, мэдээллийн аюулгүй байдлын талаарх асуудлууд нь "Facebook"-ийн гол толгойны өвчин болж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider