АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден түүнийг албан тушаалдаа томилогдсон эхний 100 өдрийн турш тасралтгүйгээр маск зүүхийг иргэддээ уриалсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тэрээр тангарагаа өргөсөн эхний 100 хоногтоо 100 сая тун вакциныг үйлдвэрлэх зорилго тавьжээ.
Тодруулбал, тус улс Pfizer/BioNTech компанийн хамтран бүтээсэн вакциныг үйлдвэрлэх зөвшөөрлийг өчигдөр олгосон юм.
Энэ талаар Жо Байден “Намайг тангаргаа өргөсөн эхний 100 өдөрт цар тахлын вирус алга болохгүй. Угаас энэ вирусыг устгана гэж амлаж чадахгүй. Энэ хэцүү байдалд бид хурдан ороогүй шигээ тийм хурдан энэ байдлаас гарч чадахгүй. Харин 100 хоногт багтаан Америкчуудын амьдралыг илүү сайжруулж, халдварын тархацыг өөрчилж чадна. Сурагчдыг сургуульд явуулах нэн тэргүүний зорилт тавиад байна. Гэхдээ конгресс хоёр намын хэлэлцээрийг дуусгаж, санхүүжилт өгөхгүй бол цар тахлын эсрэг хүчин чармайлт удааширч, зогсонги байдалд орж болзошгүй” гэж ярьжээ.
Тэрээр нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөнө. Мөн Жо Байден Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн даргаар Калифорниагийн ерөнхий прокурор Ксавье Беккераг, АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн даргаар Рошел Валенскийг сонгосноо зарлаад байна.
Харин энэ тухай экс ерөнхийлөгч Дональд Трамп “Түүний ярьж байгаа бүхэн үнэн бол үнэхээр гайхалтай. Америк хүн бүр вакциныг хүлээж байлаа. Гэхдээ хавар гэхэд бүх хүнийг вакцинд хамруулах боломжтой гэдгийг бид цөөхөн сарын өмнө тооцоолсон” гэсэн байна. Трампын Засгийн газар нэгдүгээр сарын дунд үе гэхэд 24 сая тун вакцин бэлэн болно хэмээн мэдээлж байв.
Түүнчлэн Pfizer/BioNTech компанийн вакцинаас Трампын Засгийн газар 100 сая тунг авах гэрээ байгуулж, энэ тоог нэмэгдүүлэхийг хүссэн ч зургадугаар сар хүртэл нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариуг Pfizer-ийн зөвлөлийн гишүүн өгчээ.
Өнөөдрийн байдлаар АНУ-д 15 сая хүн цар тахлын халдвар авч, 285 мянган хүн амиа алдсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн үед халдвар эрс нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрснийг Талархлын баяраар олон сая хүн аялалаар өөр хотууд руу зорчсонтой холбоотой хэмээн зарим судлаач таамаглаж байна.
Эх сурвалж:CNN