Индонез улс Хятадын "Sinovac" коронавирусын вакцины эхний хэсгийг хүлээн авч байна
Индонез улс БНХАУ-аас коронавирусний вакцины эхний тунг хүлээн авч, засгийн газар нь бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрийнхөө бэлтгэлийг хангаж байгааг тус улсын ерөнхийлөгч мэдэгджээ.
Зүүн Өмнөд Азийн Индонез улс өнгөрсөн 8-р сараас хойш Хятадын Синовак компанийн боловсруулж байгаа вакциныг туршиж, тус компаниас 1.2 сая тун вакцин худалдан авч байгаа юм байна.
Тус улсын засгийн газар ирэх оны 1-р сард дахин 1.8 сая тун вакцин авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Одоогоор тус улсын Хүнс, Эмийн агентлаг Хятадын Синовак компанийн гарган авсан вакциныг бүх нийтийн дархлаажуулалтад хэрэглэх эсэх зөвшөөрлийг өгөөгүй байгаа ч засгийн газар нь 270 сая хүнээ дархлаажуулахын тулд вакцины түгээлтэд бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна гэж ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгджээ. Индонез улсад коронавирусний халдварт тохиолдол сүүлийн хэдэн долоо хоногт эрчимтэй өсөж, 575 мянгад хүрч, 17 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь Зүүн өмнөд Азийн орнууд дундаа хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогдож байна.
Хятадын Синовак компанийн вакцины эмнэлзүйн сүүлийн шатны туршилт Бразил, Турк зэрэг орнуудад хийгдэж байна. Бразилд хийж байгаа туршилтын сүүлийн мэдээ энэ сарын дундуур гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Синовак компани Индонезоос гадна Турк, Бразил, Чили зэрэг орнуудад вакцин нийлүүлэх гэрээ байгуулж, Филиппинтэй вакцин худалдаалах гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна.
Эх сурвалж: BBC