Монгол бол буурай орнуудад хандив, тусламж үзүүлдэг донор орон байх хангалттай баялагтай, өгөгдөлтэй орон. Ийм гайхамшигтай орныг доноруудын зээл, тусламжгүйгээр амьдрах чадваргүй буурай орон болгож, зээл тусламж, халамжаар амь зогоодог ард түмэн болгосон нь бидний гамшиг.
Дэлхийн Банкинд ажиллаж байхад маань Хандивлагчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг, Япон, Америк, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ, Европын холбоо зэрэг гол хандивлагчдаар аль болох нь ахиухан мөнгө амлуулахыг бүгд л чармайдаг байж. Тэр үед хандив, зээлээр өгсөн мөнгийг харьцангуй зориулалтаар нь зардаг, хандивлагчдад тайлангаа ч тавьж чаддаг байсандаа л дараагийн тусламжаа авч чаддаг байсан.
2020 онд 600 орчим сая ам.долларын зээл, хандивыг Ковид-19-ын аюулаас хамгаалах бэлтгэлээ базаана гэж авсан. Ямар бэлтгэл хангасныг нь бид бүгдээрээ одоо харж байгаа. Зээл, тусламжийн зарцуулалтын тайлангаа хандивлагчдад байтугай, УИХ, ард түмэндээ ч танилцуулахгүй, цөөн хэдэн сэтгүүлчийг Сангийн яаман дээр тусгайлан авч хорио цээрийн үед ажил тарах цагаар танилцуулсан.
Буруу зарцуулсан, дутуу тайлагнасан гэж мэдээлээгүй тул сайн тайлан гэж ойлгогдсон. Ард түмнээ төлөөлж хэдэн сэтгүүлч, хэр зэрэг мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс аль хэр чанартай сонссоныг мэдэхгүй. Тайлагналын тэр шинэ хэлбэрийн захаас нь харахад нийт мөнгөний 30 гаруйхан хувь буюу 199 сая доллараар төсвийг дэмжсэн гэснээс өөр тоймтой зүйлгүй, хандивлагчид өөрсдөө гадаад руу шилжүүлсэн, Сангийн яамны дансанд орж ирээгүй тул Сангийн яам, Засгийн газарт хамаагүй шахуу л юм болсон. Хандив авсан Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тэд нэг цент ч зарцуулдаггүй, өөр, буруу хүнд өгөөгүй нь тодорхой. Ийм тайлан, тайлбарыг тэд татвар төлөгчиддөө хэлэх эрхгүй.
Хоёр хөрш маань мөнгөөр тусламж өгч болохгүйг ойлгосондоо, арга буюу бараагаар нь явуулын болон суурин оношлогооны аппаратууд өгсөн байж ч магадгүй. Тусалсанд баярлалаа, өгөөгүй бол бүр балрах байлаа. Тусламжийг мөнгөөр нь авч, яг хэрэгтэй зүйлдээ зарцуулах эрх, боломжтой байсан бол одоо юу өгсөнийг нь бэлгийн морины шүдийг үзэлгүй авдаг болох байх.
Монголынхоо татвар төлөгчдийг үл тоодог, үл хүндэтгэдэг зангаараа хандивлагч орнуудын татвар төлөгчдийн мөнгөнд хандаад байх шиг байна. Хандивлагч орнуудын татвар төлөгчид Засгийн газрынхаа толгойг нь илээд, үргэлжлүүлээд өгөөд байх нь юу л бол. Хандивын очерт зарцуулалт, ил тодын сахилгаар гайгүй орнууд олон байгаа.
Ковид-19-ын аюулаас аврагдах ганц боломж нь вакцин, түүний захиалгууд хийгдэж байгааг дэлхий нийт харж байна. Гэтэл УИХ, Засгийн газар вакцинд дотоод эх үүсвэрээсээ нэг ч төгрөг тавиагүй, хандивлагчдын өгсөн гадаад зээл, тусламжаас нэг ч доллар үлдээгээгүй. Иймэрхүү улсыг хандивлагч орнуудын татварын мөнгөөр авилгажсан бүтцээ тэжээдэг, тусламж жинхэнэ эзэд зорилтот хүмүүстээ хүрдэггүй, зөвийг биш бурууг санхүүжүүлж байгаа орон гэж үзэж, цэрвэх татгалзахад хүрдэг. Энэ талаар олон онигоо, жигшмээр жишээг ярьдаг. Хэрэв Монгол баатрууд яригдаад эхлэвэл зээл, тусламжийн бараа алсрах болно.
Засгийн газар маань Дэлхийн Банк нэмж 50,6 сая доллар өг, 20-30 жилийн дараагийн монголчууд төлөг, Ковид19 вирусын эсрэг вакцин олж өгч 3.3 сая хүний амийг аварвал авар, үгүй гэвэл хувь заяанд нь даатгаад орхино шүү гэж маягтай юм яриад байгаа. Ард иргэдийнхээ амьд явах эрхийг хамгийн дээдээр эрхэмлэж үзэхгүй байгаа нь хүмүүнлэг нийгэм байгуулах зэрэг Үндсэн хуулийн зарчмуудад нийцдэг л байгаа даа?
Бид дэлхийг харж байгаа шиг дэлхий биднийг харж байгаа тул толинд нүүрээ харцгаая, ард иргэддээ хэрэглүүлж байгаа сахилга бат гэдэг “вакцинаа” эрхтэн дархтанууддаа ч бас эртхэн л хэрэглүүлэх байсан юм даа.
Санжаасүрэнгийн Оргодол