Энэтхэгт үл мэдэгдэх өвчнөөр нэг хүн нас барж, 292 хүн эмнэлэгт хэвтжээ
Коронавирусийн цар тахлын улмаас их хэмжээний хохирол амсаад буй Энэтхэг улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэгдэх өвчний улмаас нэг хүн нас барж, 292 хүн эмнэлэгт хэвтжээ. Тус улсын эмч, мэргэжилтнүүд ямар өвчин болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Андхра Прадеш мужийн Элуру хотын өвчтөнүүдэд дотор эвгүйрхэхээс эхлээд ухаан алдаж унах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнүүд бүгд коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Элуру хотын Улсын эмнэлэгт тодорхой тооны ор суллаж бэлдсэн байна.
Хотын эмнэлгийн мэргэжилтэн The Indian Express хэвлэлд “Өвчтөнүүд, ялангуяа хүүхдүүд нүд нь улайж, гэнэт л бөөлжиж байсан. Зарим нь ухаан алдаж унасан" гэжээ. Биеийн байдал нь сайжирсан 140 гаруй хүн эмнэлгээс гарсан бол 45 настай нэг эрэгтэй ухаан алдаж унасан гэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн, улмаар өчигдөр нас барсан байна.
Андхра Прадеш мужийн Эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Сринивас өвчтөнүүдийн цусны шинжилгээнд ямар нэг вирусийн халдвар илрээгүй хэмээсэн аж. Албаны хүмүүс тэдний оршин суугаа газрыг агаар, усны бохирдолтой гэж үзэж байгаа бөгөөд нууцлаг энэ өвчин чухам юу болохыг лабораторийн шинжилгээгээр тодорхойлно гэжээ.
Эх сурвалж: BBC