АНУ-ын засгийн газар Хятадын Коммунист намын гишүүдэд визний хязгаарлалт тогтоолоо
АНУ БНХАУ-ын эрх баригч Коммунист намын гишүүд болон тэдний гэр бүлийнхний визэнд хязгаарлалт тогтоожээ. Харин Хятадын гадаад харилцааны яам Америкийн энэ алхам Хятадын ард түмнийг илүү нэгдмэл, Коммунист намдаа итгэх итгэлийг улам бэхжүүлэхэд түлхэц өгч ирсэн гэж хариу мэдэгдэл хийсэн байна.
АНУ-ын төрийн департамент Хятадын коммунист намын гишүүд, тэдний гэр бүлийн гишүүдийн бизнес болон жуулчны ангиллын визийг нэг сард зөвхөн нэг удаа нэвтрэх эрхтэй болгож хязгаарлаж байгаа юм байна. Өмнө нь тэд 10 жилийн виз хүсэх боломжтой байжээ.
Төрийн департамент энэ хязгаарлалтаа ХКН-аас Америкийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл ХКН болон түүний гишүүд суртал ухуулгаараа Америкчуудад нөлөөлөх гэж АНУ-д ажиллаж байсан, тусгай бэлтгэгдсэн хүмүүсээ Хятад Америкийн харилцаанд хяналт тавиулах гэж илгээж байна гэж төрийн департамент үзэж байгаа юм байна.
АНУ Хятадын Шиньжан Уйгарын Автономит мужаас хөвөн даавуун бүтээгдэхүүн импортолж авахаа зогсоосон тухай АНУ-ын дотоодын аюулаас хамгаалах яам лхагва гарагт мэдэгдсэн. Шалтгаан нь хөвөн даавуун бүтээгдэхүүнийг гарган авахдаа хүний хөдөлмөрийг мөлжиж байна гэж сэжиглэж байгаатай холбоотой юм байна. АНУ-ын дотоодыг аюулаас хамгаалах яам яг ийм шалтгаанаар өнгөрсөн 9-р сард Шиньжан Уйгараас зарим төрлийн бүтээгдэхүүн импортоор авахаа зогсоож байсан байна.
Эх сурвалж: CNBC