Испани улс хиймэл оюун ухаанд 600 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ
Испанийн үндэсний эдийн засгийг өөрчлөх төлөвлөгөөний хүрээнд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ойрын хоёр жилд 600 сая евро (725 сая ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт хийх гэж байна гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдэв.
Тус хөтөлбөр 2021-2023 он хүртэл хэрэгжих бөгөөд эхний ээлжинд 330 сая еврогийн хөрөнгө оруулалтаас эхлэх гэнэ.
Хиймэл оюун ухааныг (AI) хөгжүүлэх нь Испанийн эдийн засгийг өөрчлөх төлөвлөгөөний нэг хэсэг болох тухай өнгөрсөн долдугаар сард зарласан бөгөөд энэ нь Испанийн дижитал өөрчлөлтийн хөтөлбөрийн гол зорилтуудын нэг юм.
Санчес засгийн газрын хиймэл оюун ухааны стратегийн зорилго нь "Испанийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх найдвартай хиймэл оюун ухааныг гаргаж ирэхийн тулд сайтар судалж, энэ салбарт тэргүүлэгч орнуудтай эн зэрэгцэх явдал юм" гэж хэлсэн байна.
Мөн Испанийн "Next Tech" сангаас дижитал технологийн бизнес эрхлэлтийг дэмжихэд оруулсан хандиваар дээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болжээ.
Энэхүү төр, хувийн хэвшлийн хамтарсан санаачилга нь хиймэл оюун ухаан, дижитал эдийн засагт ашиглах 3.3 тэрбум еврогийн хувийн санхүүжилтийг дайчлахад чиглэгдэнэ гэж Санчес нэмж хэллээ.
Энэ оны 10-р сарын эхээр Испани улс ЕХ-ны санхүүжилтээр 800,000 гаруй шинэ ажлын байр бий болгох, тус улсад нүүрлээд байгаа эдийн засгийн уналтаас гаргах зорилготой сэргээн босгох төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Энэхүү төлөвлөгөөг Испанийн ЕХ-ны аврах сангаас авах 140 тэрбум еврогийн буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд ингэснээр Италитай хамт хамгийн том тусламж хүртэж буй орнуудын нэг болох аж.
Эх сурвалж: techxplore