OECD: Дэлхийн эдийн засаг 2021 оны эцсээр сэргэнэ
Дэлхийн олон оронд коронавирусний хоёр дахь, гурав дахь давлагаа бий болсон ч цар тахлын эсрэг хэд хэдэн вакцин зөвшөөрлөө хүлээж байна.
Вакцин гарган авсны үр дүнд дэлхийн эдийн засгийн байдал 2021 оны сүүлээр сэргэх нааштай төлөв ажиглагдаж байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас мэдэгджээ.
Тус байгууллагын хамгийн сүүлийн тайлан мэдээгээр дэлхийн эдийн засаг энэ онд 4.2 хувиар буурах төлөвтэй байгаа хэдий ч 2021 онд 4.2 хувиар, 2022 онд 3.7 хувиар өсөх урьдчилсан төлөв гарчээ. 2021 оны сүүл гэхэд дэлхийн нийт ДНБ цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, энэ сэргэлтийг Хятадын эдийн засгийн өсөлт түүчээлэн гэсэн урьдчилсан төлөв харагдаж байгаа юм байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагын судалгаанд онцолсноор 2020 онд эдийн засаг нь өсөлттэй гарах цор ганц улс нь БНХАУ байна. Хятадын эдийн засаг 9-р сард таамаглаж байснаар энэ онд 1.8 хувиар өсөх төлөвтэй байна. 2021 онд бусад улс орнуудаас хамгийн өндөр буюу 8 хувиар өсөх нь.
АНУ болон Европын холбооны орнууд дэлхийн эдийн засаг дахь жин нөлөөтэйгээ харьцуулахад харьцангуй бага хувиар эдийн засаг нь өсөх төлөвтэй байна. Дэлхийн номер нэг эдийн засаг АНУ энэ онд 3.7-ийн уналттай гарах бол 2021 онд эдийн засаг нь 3.2 хувь, 2022 онд 3.5 хувиар өсөх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар улс орнуудын эдийн засаг удаашрах тийшээ хандаж, өргөн олныг хамарсан ажилгүйдэл, ядуурал бодлого тодорхойлогчдын толгойны өвчин болов. Санхүүгийн зах зээл цочролд ороод зогсохгүй хөрөнгө оруулалт агшиж, төв банкууд бодлогын хүүгээ түүхэнд байгаагүйгээр буулгаж эхэллээ. Засгийн газрууд асар их мөнгөн дүнтэй эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдэж, улсаа хохирол багатай аварч үлдэх нь эрх баригчдын эн тэргүүний зорилт боллоо.
Хөгжиж буй болон ядуу буурай орнууд эндээс хамгийн хүнд цохилт амсахаар байна. Эдийн засаг нь төвөггүй өсөж байсан Зүүн Ази, Номхон далайн бүсэд ойролцоогоор 11 сая хүн ядуурлын эгнээнд шилжих тооцоог Дэлхийн банк гаргав. Focus Economics агентлагаас долоо хоног бүр COVID-19 цар тахлын эдийн засгийн үзүүлэх нөлөөллийн түүвэр судалгааг олон улсын шинжээчдийн дунд явуулж байна.
Эхний судалгаагаар компаниудын 90 хувь нь ирэх гурван сарын дотор бизнесийн үйл ажиллагаа хэвийн түвшинд орох боломжтой гэж хариулжээ. Үүнээс гадна компаниудын 30 гаруй хувь нь ханган нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөх бодолгүй байна гэж хариулсан байна. Вирусийн тархалт АНУ, Европт хурдацтай тархаж эхэлсний дараах судалгааны үр дүн хараахан гараагүй байгаа аж. “Их 20”ийн орнууд COVID-19 вирусийн цар тахлын ажлын байр, орлогод үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд төсөв, мөнгөний бодлогоор дэлхийн эдийн засагт таван их наяд ам.доллар нийлүүлэхээр болсон билээ.
Эх сурвалж: Business Insider