Сансар огторгуйн хог хаягдлыг устгаж цэвэрлэх олон сая долларын гэрээ байгууллаа
Европын сансрын агентлаг Швейцарийн стартап компанитай сансрын тойрог зам дахь хог хаягдлыг устгаж цэвэрлэх 86 сая евро буюу 102 сая ам.долларын гэрээ байгууллаа. Клеэр Эс Эй компанийн сансрыг хог хаягдлаас нь цэвэрлэх анхны хөлгийг 2025 онд хөөргөхөөр төлөвлөж байна.
Эхний ээлжид тойрог замд хиймэл дагуулуудыг оруулахад ашигладаг пуужингийн угаалгын машин шиг хэмжээтэй үлдэгдлийг цуглуулан шатах түвшинд оруулж доошлуулах юм байна
Европын сансрын агентлагийн тооцоогоор сансар огторгуй дахь объектуудын 95 орчим хувь нь ямар ч хэрэгцээгүй хог хаягдал байдаг байна. Мөн хүний үйл ажиллагаатай холбоотой энэ хог хаягдлууд нь сансрын хөлөгтэй мөргөлдөх, эсвэл дэлхий дээр унах эрсдэлтэй. 2012 онд л гэхэд Иридиум хиймэл дагуул аль хэдийн ашиглалтаас гарсан хиймэл дагуулын үлдэгдэлтэй мөргөлдсөн жишээ бий.
Тиймээс Швейцарийн Клеар спэйс 1 сансрын хөлгөөр сансар огторгуй дахь хог хаягдлыг цэвэрлэх эхний маш жижиг алхмыг хийх гэж байна. Өндөр тойрог замд жижиг тарвасын хэмжээтэй 15-23 мянган сансрын хог хаягдал байдаг бол автобусны хэмжээний 50 орчим онц аюултай том хаягдал ч бий. Мөн Дэлхийн тойрог замд ойролцоогоор нэг см орчим хэмжээтэй сая гаруй үлдэгдэл бий гэж тооцоолдог.
Сансрын огторгуйн хог хаягдлыг цэвэрлэх Европчуудын энэ төсөл цор ганц нь биш. Тэднээс өмнө буюу 2021 онд Япончууд хог хаягдал цуглуулагчаа сансарт илгээхээр төлөвлөж байгаа юм. Япончууд Елса Ди сансрын энэ төхөөрөмждөө хүчтэй соронз ашиглаж байгаагаараа ялгаатай.
Түүнчлэн ОХУ 2025 он гэхэд Ликвидатор нэртэй сансрын хог хаягдал цуглуулагчаа илгээхээр төлөвлөж байна. Сансрын энэ хөтөлбөрийн хүрээнд хагас жилд 2 тонн орчим жинтэй 10-20 байгууламжийг сансар огторгуйгаас цуглуулж устгахаар төлөвлөж байгаа юм. Гэхдээ оросын энэ төсөл санхүүжилтгүйгээс болж хугацаандаа хэрэгжихгүй болж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм.
Эх сурвалж: BBC