Оросын Спутник-Ви вакцины нийт 1.2 тэрбум гаруй тунг авахаар дэлхийн 50 гаруй орон захиалга өгчээ
НҮБ-д ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч болон ОХУ-ын Эрүүл мэндийн яам НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы үеэр Спутник-Ви коронавирусын эсрэг вакцинаа танилцуулсан байна.
Цахим хэлбэрээр явагдсан хурлын үеэр Спутник-Ви коронавирусын эсрэг вакцины туршилт, үнэ болон цаашид үйлдвэрлэлт хэрхэн явагдах, гадаадын улс орнуудтай хэрхэн хамтран ажиллаж тухай яригджээ. Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдээлснээр Спутник-Ви вакцины туршилтанд 40 мянга гаруй хүн оролцсон ба туршилт ОХУ, Беларусь, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират улс, Венесуэл зэрэг улс орнуудад явагдаж байгаа ба Бразилд мөн туршилт явуулах тухай яригдаж байгаа аж. Спутник-Ви вакцин нь клиникийн 3-р шатны туршилт нь дуусах шатандаа орж, олноор үйлдвэрлэж, улс орнуудад нийлүүлж эхлэхэд бэлэн болсон аж.
Михаил Мурашко Спутник-Ви вакциныг хийлгэснээр хүний дархлаа хүчтэй хариу үйлдэл үзүүлж байгааг онцолсон байна. Түүний хэлж байгаагаар Спутник-Ви вакцины туршилт үргэлжилж байгаа ч коронавирусын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн 100 мянга гаруй хүн тус вакцинд хэдийн хамрагджээ.
Спутник-Ви вакцинд ойрын хугацаанд иргэдийг хамруулж эхлэхтэй холбоотойгоор Оросын бүх муж, бүс нутгууд руу хүргэж эхэлсэн ба Спутник-Ви вакцины үйлдвэрлэлтийг орон даяар болон дэлхий даяар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын фондын дарга Кирилл Дмитриевийн хэлж байгаагаар Спутник-Ви вакцин дэлхийн 40 улсад хэрэглээнд нэвтрүүлэхэд аюулгүй гэсэн зөвшөөрлөө авахаар ажиллаж байгаа ба улс орнууд коронавирусын эсрэг хэд хэдэн төрлийн вакцин захиалах нь зөв аж.
Ирэх 3-р сар гэхэд ОХУ дэлхийн 40 сая хүнд зориулж сард 40 сая гаруй тун Спутник-Ви вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа аж. Дотоодын үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг хангасны дараагаар Спутник-Ви вакцины экспортлох тухай яригдаж эхлэх ба Спутник-Ви вакцины нийт 1.2 тэрбум гаруй тунг авахаар дэлхийн 50 гаруй орноос захиалга иржээ.
Кирилл Дмитриевийн мэдэгдсэнээр Спутник-Ви вакциныг зах зээлд 10 ам.доллараас бага үнээр борлуулах ба бүх улс орнуудад ижил үнээр зарагдах гэнэ. Спутник-Ви вакцин нь хоёр тунгаас бүрдэх ба бусад компаниудын вакцинаас багадаа хоёр дахин хямд байх гэнэ.
Эх сурвалж: ria.ru