Их Британи Pfizer, BioNTech вакциныг үйлдвэрлэж эхэлсэн анхны улс болжээ
Их Британийн Нэгдсэн Вант улс Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг улсынхаа иргэдэд хийлгэхийг зөвшөөрсөн анхны улс болжээ.
Их Британийн засгийн газар Pfizer/BioNTech компаниудын гаргасан вакциныг иргэдэд хийх ажлыг ирэх 7 хоногоос эхлэхээр төлөвлөж байгаа ба вакциныг хамгийн түрүүнд өндөр настны асрамжийн төвүүдэд амьдарч буй ахмад настнууд, тэнд ажиллаж буй ажилтнуудад хийж эхлэх ба үүний дараа 80-аас дээш насны иргэд, эрүүл мэндийн салбарын ажилчдыг хамруулахаар төлөвлөжээ.
Их Британийн Засгийн газраас эхний ээлжинд 20 сая хүнд хийгдэх 40 сая тун вакциныг захиалаад байгаа аж. Их Британийн Эм, Эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний чанарын хяналтын агентлагийн мэдээлснээр Pfizer/BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин нь коронавирусын халдвараас 95 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа аж. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ирэх хавраас амьдрал хэвэндээ орж, зуныг бүгд өөрсдийн дураар сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн BBC сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажлын бэлтгэл явагдаж байгаа ба улс даяар 50 эмнэлэг болон томоохон хурлын танхимууд, бизнес төвүүдийг энэ ажилд ашиглахаар бэлдэж байгаа гэнэ. Түүнчлэн коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил эхэлж байгаатай холбоотойгоор хөл хорионы дэглэмийг сахих нь маш чухал болж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолжээ.
Вакцин хийх ажил эхлэхтэй холбоотойгоор олон нийтийн газруудаар өндөр настнууд олноороо цугларах ба энэ нь иргэдэд аюул холдсон мэт хуурамч сэтгэгдэл төрүүлж болзошгүй учраас иргэд илүү их анхаарал сонор сэрэмжтэй байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүх, өвчний шинж тэмдэг илэрсэн үед өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээнүүд хэвээр байгаа аж. Pfizer/BioNTech компаниудын гаргасан коронавирусын эсрэг вакциныг клиникийн 3-р шатны туршилтын үеэр сайн дурынханд 2 тунг 3 долоо хоногийн зайтай тарьсан бөгөөд туршилтын явцад вакцин нь ямар нэг ноцтой гаж нөлөө үзүүлээгүй, харин туршилтанд оролцсон иргэдийн 2 хувьд нь толгой өвдөх, ядрах шинж тэмдэг илэрсэн байна.
Вакцины хоёр дахь тунг тариулсны дараа ихэнх хүнд 7 хоногийн дараа дархлаа тогтож байсан бол дархлаа сайтай иргэд 1 дэх тунг хийлгээд 12 хоног дээрээ дархлаатай болж байжээ. Pfizer/BioNTech компаниудын гаргасан коронавирусын эсрэг вакцины үйлдвэрлэлт Бельги улсад явагдах ба цельсийн хасах 70 хэмд хадгалах ёстой уг вакциныг хуурай мөстэй тусгай хайрцганд хийж зөөвөрлөх аж.
Эх сурвалж: BBC