CAAK ӨНЦӨГ: Ирээдүйд ажлын байрнууд хэрхэн өөрчлөгдөх вэ?
Цаг үеэсээ хожимдохгүйн тулд хүмүүсийн сургуульд сурах зүйлс хангалтгүй болоод удаж байна. Энэ талаар нэгэн дэлгэрэнгүй, сонирхолтой судалгааг ”McKInsey Global Institute”-ээс хийсэн нь “Ирээдүйн ажлын байр ба ур чадварын өөрчлөлт” судалгаа юм. Тус судалгаанд ур чадваруудыг ерөнхий таван ангилалд авч үзсэн байна.
Үүнд:
- Бие болон гар удирдлагат ажиллагаа
- Суурь мэдлэг
- Мэргэжлийн мэдлэг
- Нийгмийн болоод харилцааны ур чадвар
- Технологийн чадвар гэж тав ангилж, ангилал тус бүрээ мөн тав, таваар салгажээ.
Тэгвэл дээрх чадваруудаас алийг нь өөртөө эзэмшвэл ирээдүйд “хоцрогдохгүй” вэ?
АНУ-ын бүх мэргэжлийн салбарт ур чадвар бүрийг ашиглагдсан тоогоор буюу биднийхээр ажлын байрны зах зээл дэх тоо гэж хэлж болох үзүүлэлтээр тогтоожээ. Ердөө 2 жилийн өмнө биеийн ур чадвар, суурь мэдлэг шаардсан ажил дийлэнх байсан бол 2030 он гэхэд технологийн ур чадвар шаарддаг ажил дийлэнх болж, бүхий л салбарт ашиглагдана гэсэн байна. Нэг зүйлийг дахин хэлэхэд та ямар ч мэргэжлийн болоод мэргэжлийн бус ажил хийх байсан ч шинэ технологи, түүнийг ашигладаг байх нь чухал болно.
Тоон мэдээлэл, технологи, зөвлөх үйлчилгээ, үйл ажиллагааны үйлчилгээ зэрэг мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг Америкийн үндэстэн дамнасан корпораци "Cognizant"-ийн 2019 он болоод 2020 оны эхний 10 сарын тайланд автоматжуулалт хийсний дараа нийт ажлын байрны 1/4 нь үгүй болно гэж урьдчилан таамаглажээ
GetSmarter, a 2U, Inc. brand хамтран ажлын байранд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүд, шаардагдаж буй ур чадваруудыг хэрхэн шийдэж байгаа талаарх судалгааг 106 орны 8000 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан явуулсан байна.Судалгаа ажлын байрны өөрчлөлт болоод мэдлэг боловсролын гүйцэтгэх үүргийн талаарх өргөн ойлголтыг харуулж чадсан. Хиймэл оюун ухаан ажлын орчныг шинэ хэв маягт оруулж, ажилчдад шинэ ур чадвар эзэмшихийн чухлыг харуулж байгаа учраас ажилтан, албан хаагчид өрсөлдөхүйц байдлаа хадгалан үлдэхийн тулд СУРАЛЦАХ-ыг нэн тэргүүнд чухалчлан авч үзэж байна.
Гэхдээ суралцах бол тийм ч энгийн хялбар зүйл биш юм. Өнөөдрийн ажил мэргэжлийн онцлогоос хамаараад ном, онлайн курс, программ, подкаст зэрэг нь хүртээмжтэй суралцах эх сурвалж болж чадахгүй.Харин тасралтгүй суралцах зуршлыг бий болгоход нөлөөлж байдаг байна.
Ур чадварын сургалт үнэ цэнийг илтгэх үү?
Уламжлалт боловсролын системийн дагуу бол “диплом” аливаа боломжийг бий болгогч гэж үзэж байгаа хэдий ч энэ нь урт хугацааны карьерийн баталгаа болж чадахгүй. Дундаж наслалт уртсаж, бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед карьераа эхлүүлэхээсээ өмнө сурж мэдсэн мэдлэг, ур чадвар хоцрогдож эхэлж байна. Ирээдүйд хүн амын дундаж наслалт 115 болж, тэтгэврийн нас хойшлон хүмүүс илүү олон жил ажиллаж, ажил мэргэжлийн шинэ ур чадваруудад суралцах шаардлага тулгарна.
Шаардагдаж буй ур чадвар, мэдлэгийг дан ганц ажлын байран дээрх сургалтаар олж авах хангалтгүй Ирээдүйн ажлын байрны өөрчлөлтөд дасан зохицохын тулд цогц мэдлэг, ур чадварт суралцах хэрэгтэй.
"McKInsey Global Institute”-ийн үзэж байгаагаар доорх мэргэжлүүд ойрын 10 жилд хамгийн эрэлттэй байх гэнэ
Гар утасны програм хөгжүүлэгч
Гар утасны хөгжүүлэлт нь салбар бүрийн гол анхаарлын төв болсоор байна. Илүү олон бизнес эрхлэгчид мобайл технологид тулгуурлан хэрэглэгчдэд хүрэхийн хэрээр мобайл програм хөгжүүлэгчдийн эрэлт улам бүр нэмэгдсээр байх нь мэдээж. Эдгээр мэргэжилтнүүд ухаалаг гар утас, таблет дээр суурилсан програм хангамжийн сайжруулалтыг хийх тал дээр анхаарч ажилладаг. Тэд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, програмын кодчилол, тест хийх, дибаг хийх зэрэг дээр голчлон анхаарч ажилладаг. Гар утасны програм хөгжүүлэгчийн жилийн дундаж цалин 135,750 ам.доллар юм.
Мэдээллийн архитектор
Мэдээллийн цуглуулах ажлыг автоматжуулах боломжтой боловч тухайн өгөгдлийг үндэслэн орчуулах, дүн шинжилгээ хийх, бизнесийн зөвлөмж гаргах чадвар нь зөвхөн хүнд л байдаг юм. Интернет дээрх контентийн төрөл нэмэгдэж, хоорондоо илүү уялдаатай болохын хэрээр одоо байгаа мэдээллийн хэмжээ өргөжсөөр байна. Тэдгээрийг ялгаж, үнэ цэнэтэй мэдээллийг олоход нь туслах, тухайн бизнест хэрэгцээтэй мэдээллийн сан үүсгэх чадвартай хүмүүс буюу мэдээллийн архитекторуудын эрэлт нэмэгдсээр байна.
Мэдээллийн архитекторуудад дүн шинжилгээ хийх, бүтээлч чадвар шаардагдахаас гадна мэдээллийн систем, мэдээллийн сангийн аргазүйн талаар гүнзгий мэдлэг шаардагдана. Тэд үр дүнтэй харилцах, мэдээллийн нөөцийг төлөвлөх, зохицуулах, бизнесийн шаардлагыг мэдээллийн баазын шийдэл болгон хөрвүүлэх чадвартай байх ёстой. Мөн Oracle, Microsoft SQL серверүүд болон Unix, Linux, Solaris, Microsoft Windows гэх мэт бусад системтэй танилцах нь нэн чухал юм. Мэдээллийн архитекторын ажил ньэлбэг бөгөөд жилд 145,500 ам.долларын цалинтай байдаг.
DevOps-ийн инженер
DevOps-ийн инженерүүд нь кодчилол ба инженерчлэлийн хоорондох гүүр юм. Олон компаниуд өргөдөл, үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх, бизнесийн уян хатан байдал, бүтээмжийг нэмэгдүүлэхийг эрмэлздэг тул ийм мэргэжлийн эрэлт хэрэгцээтэй байгаа. DevOps нь програм хангамжийн хөгжлийн мөчлөгийг богиносгож, мэдээллийн технологийн байгууллагын автоматжуулалт гэх мэт зүйлсийг хөнгөвчилөхөд тусалдаг. DevOps-ийн инженерүүд энэ системийг шинэ систем боловсруулж, одоо байгаа системийг хурдан бөгөөд үр дүнтэй сайжруулахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар ажилладаг.
Жилийн 120,000 ам.долларын дундаж цалин авахын тулд DevOps-ийн инженерүүд ихэвчлэн Amazon Web Services (AWS) гэх мэт үүлний платформ ашиглан програмуудыг автоматжуулах, дэд бүтцийг байршуулах, үйлчилгээ хөгжүүлэх, удирдах чиглэлээр олон жилийн туршлагатай байх шаардлагатай. Тэд мөн C ++ хэлээс Python хүртэлх кодчиллын олон хэл, Ansible, Chef зэрэг мэдээллийн технологийн автоматжуулалтын тохиргооны менежментийн хэрэгсэл, програм хангамжийн инженерчлэл, аюулгүй байдлын архитектурыг ашиглах чадвартай байх ёстой.
UX дизайнер
UX дизайнерууд нь бүтээгдэхүүн эсвэл вэбсайтын хөгжүүлэлтийг хариуцдаг. Тэдний ажил бол хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийн болон үйл ажиллагааны үндсэн хэрэгцээг олох, эдгээр нээлтэд суурилсан дижитал бүтээгдэхүүн бий болгоход явдал юм. UX дизайнерууд хэрэглэгчдийн зорилгыг ойлгохын тулд тэдэнтэй байнга харилцдаг.
Гар утас, вэб хөгжүүлэлт өсч байгаа энэ үед тус мэргэжлийн эрэлттэй нэмэгдсээр байна. Өнөөдөр UX дизайнерын дундаж цалин жилийн 98,250 ам.доллар байгаа бөгөөд ирээдүйд өсөх магадлалтай байна.
Маркетингийн анализ менежер
Маркетингийн шинжилгээний менежерүүд дэлхий даяар эрэлт ихтэй байдаг. Эдгээр мэргэжилтнүүд хэрэглэгчдийн өгөгдлийг цуглуулах, маркетингийн автоматжуулалт, хэрэглэгчийн харилцааны менежментийг бий болгох, бусад бизнес эрхлэгч нараас мэдээлэл цуглуулах үүрэгтэй. Маркетингийн аналитик менежерүүд бизнесийн үйл явцыг сайжруулахын тулд үйлдвэрлэл, борлуулалт, маркетинг гэх мэт янз бүрийн хэлтэстэй харилцан ажилладаг тул мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар, хамтын ажиллагааны ур чадвар өндөр байх хэрэгтэй байдаг. Жилийн дундаж цалин нь 97,000 ам.доллар.
Спортын эмч, сэтгэлзүйч
Спорт зааланд цагаа идэвхтэй өнгөрөөж эрүүл мэнддээ анхаардаг залуусын тоо шоу цэнгээний газар цагаа өнгөрөөдөг залуусынхаас ихэссэн. Хэдийгээр өөрийн эрүүл мэнд, бие галбиртаа анхаарч байгаа нь сайшаалтай хэрэг боловч мэргэжлийн хүнээс ямар хүнс биед хэрхэн нөлөөлдөг, ямар дасгал булчингуудад яаж нөлөөлдөг талаар зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс аливаа хүний биеийн онцлогт тохируулан зөвлөгөө өгөх спортын эмч, сэтгэл зүйч нарын эрэлт хэрэгцээ ойрын хэдэн жилдээ лав их байх гэнэ. Жилийн дундаж цалин 68,550 ам.доллар.
Чадварлаг барилгачин
Техник технологи хөгжихийн хэрээр байшин барилга барихад ашигладаг төхөөрөмжүүд илүү ухаалаг болж байгаа ч маш нарийн загвартай, өвөрмөц содон барилга барихад чадварлаг барилгачдын хэрэгцээ их. Тиймээс барилгачин гэх мэргэжилдээ туршлагатай, мэдрэмжтэй, авьяастай хүмүүс ойрын 10 жилдээ эрэлттэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Дундаж цалин 77,200 ам.доллар.
Хоол бэлтгэх мэргэжилтэн
Харахад л арааны шүлс гоожим амттай хоолонд дургүй хэн байх билээ. Тэгвэл энэ төрлийн "урлагийн бүтээл" туурвидаг тогооч, бариста, бартендер нарын ажлын байр ойрын жилүүдэд эрэлттэй байх аж. Та бүхэн ногоо хэрчиж хоол бэлтгэж байгаа роботуудын бичлэгийг бишгүй л үзсэн байх. Тэднээс гарсан эцсийн бүтээгдэхүүн яг мэргэжлийн тогооч, бариста нарынх шиг үзэмжтэй байгаагүйг мөн анзаарсан болов уу. Дундаж цалин 55,580 ам.доллар.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн
Хүн амьдарч байгаа цагт өвчин байсаар л байна. Аливаа өвчин эмгэгийг анагаах эмч, сувилагч нарын ажлыг хиймэл оюун ухаанаар гүйцэтгэх нь маш өндөр эрсдэлтэй тул одоогийн байдлаар юугаар ч орлуулах боломжгүй байна. Хүний өвчний түүх, биеийн байдал зэрэг дээр нарийн дүгнэлт хийн оношлосны дараа эмчилгээ хийдэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн ажлын байр ойрын 10 байтугай жилд эрэлттэй байх аж. Дундаж цалин 125,550 ам.доллар.
Эндээс үзэхэд эрэлт хамгийн ихтэй байгаа мэргэжил нь инженерүүд, IT салбарын мэргэжилтнүүд болсон байна. Аж үйлдвэрлэлд олон тооны шинэ технологи нэвтэрч, хэзээ хэзээнээс илүү хурдацтай хөгжиж байгаа болохоор тус тусын салбарын инженерийн хэрэгцээ их болох зүйн хэрэг. Хамгийн үсрэнгүй хурдаар хөгжиж байгаа салбар өнөөдөр яах аргагүй IT салбар. Санхүү, барилгаас эхлээд хүнд үйлдвэрлэл хүртэл бүх л салбарт IT технологи нэвтэрч, хувьсгал хийгээд байгаа болохоор энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ цаашид ч улам нэмэгдэнэ.
Их Британид гэхэд л программистууд, компьютер тоглоом зохиогч мэргэжилтнүүд жилдээ 49,664 ам.долларын цалин авдаг. Шинэ Зеландын хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлийн дотор программ хангамж ба IT боловсруулагч салбарын есөн төрлийг заасан байна. Австрийн хувьд ч энэ салбарын 15 нарийн мэргэжлийг эрэлттэй байна гэжээ.
Коронавирусын үед хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Covid-19 коронавирусын халдвар 64 сая гаруй хүнд халдварлаад байгаа бөгөөд улс орнууд дор бүрнээ шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэгэн жишээ бол олон сая хүн зайнаас ажиллаж эхэлж байгаа явдал юм.
Одоогийн байдлаар 200 гаруй сая хүн зайнаас ажиллаж байна гэсэн тооцоо бий. Зайнаас ажиллах үед багийн дотоод уур амьсгал, харилцаа холбоонд өөрчлөлт орох, өдөр тутмын үйл ажиллагаанд доголдол гарах магадлал өндөр байдаг. Коронавирус шиг гэнэтийн үйл явдал тохиолдоход нөхцөл байдалд дасан зохицож, компанийнхаа үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх стратеги, төлөвлөгөөтэй байх нь аливаа компанийн удирдлагын зүгээс нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ёстой алхамуудын нэг юм.
Зайнаас ажиллах хэлбэрт шилжсэнээр цагийн бүртгэл болон ажлын цагаар ажлаа хийж байгаа эсэхийг хянах боломжгүй болно. Энэ нөхцөлд удирдлагын зүгээс багийн гишүүдийг зорилгоо бүрэн ухамсарласан эсэх, тус тусын үүрэг оролцоо, хэн ямар рольтой ажиллах, ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрхэн дуусгах зэргийг сайн бодох хэрэгтэй. Багийн гишүүдийн үүрэг, ролийг гүйцэд тодорхойлж өгснөөр төлөвлөсөн ажил хугацаандаа дуусах, багийн гишүүдийн дунд үл ойлголцол үүсэхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Хүмүүс гэнэт гэрээсээ ажиллах болсноор алслагдсан мэдрэмж төрж, завсарлага авангаа уудаг кофены амт, сонин хачинаа ярилцдаг ажлын найз нөхдөө үгүйлэхийг үгүйсгэхгүй. Эдгээр шалтгааны улмаас ажлын бүтээмж, идэвх буурах ч боломжтой. Виртуал орчинд багууд зохион байгуулалтад орж, оффист ажиллахаас дутуугүй үр дүнтэй байхын тулд Microsoft компани ажлын явцаа тайлагнах албан ёсны онлайн хурлууд товлохоос гадна хоорондоо сонин сайханаа хуваалцах чөлөөт уулзалтууд ч бас товлож ажилчдаа нэгтгэж, идэвхжүүлж байгаа ажээ.
Түүнчлэн компанийн удирдлагууд зөвхөн таск дээрээ төвлөрөхөөс илүүтэй цаг гарган багийн гишүүн тус бүртэй харилцах, ганцаарчилсан онлайн уулзалт хийх, эсвэл чат бичиж ажил амьдрал ямар байгаа талаар асуух нь багийн гишүүдийн идэвх, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтойг Harvard Business Review-аас санал болгожээ.
Өнцөг гаргасан: П.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: BBC, medium, Cnet
Хэрвээ танд манай Caak Өнцөг таалагдсан бол өмнөх дугаарыг доорх линкээр орж үзээрэй