Хорт зуршлууд бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалсан өвчлөл манай улсын хүн амын дунд жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Архи, тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан халдварт бус өвчин нас баралтын 80 гаруй хувийг эзэлж байна. Ялангуяа цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, элэгний өвчин, хорт хавдар зэрэг эрүүл амьдралын хэв маяг алдагдсанаас үүдсэн өвчлөл газар авчээ.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд болон дотоодын эрүүл мэндийн байгууллагуудын хамтарсан судалгаанд халдварт бус өвчин дэлхий даяар эрүүл мэндээс гадна, амьжиргаа, бүтээмжид ихээхэн нөлөөлж байгааг дурджээ.
Тухайлбал, гэр бүлийн гол орлого бүрдүүлэгч өвчилбөл тодорхой хугацаагаар ажлаасаа хөндийрч тухайн өрхийн санхүү доголдсоноор өнөө маргаашийн хоол хүнснээс эхлүүлээд эмчилгээний зардлыг зохицуулах шаардлага тулгарна. Хувь хүн зуурдаар нас барвал үлдсэн он жилүүдэд хийж бүтээх байсан хөдөлмөрийн үр дүн үгүй болох зэрэг нөхцөл байдлууд үүсдэг бөгөөд үүний цаана гэр бүлийн гишүүд сэтгэл санаа болон санхүүгийн маш хүнд дарамтанд үлддэг байна.
Ийм төрлийн өвчлөл цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул үүнийг дагаад зардал ч өсөх нь тодорхой. Халдварт бус өвчлөлүүд, тэр дундаа хорт хавдрын өвчлөл нь эмчилгээний зардлын хувьд хөрөнгө мөнгө нэлээдгүй шаарддаг.
Өндөр өртөгтэй эмчилгээний зардал шаардлагатай болох үед иргэдийн дийлэнх нь тухайн зардлыг хэрхэн шийдэх гаргалгаа нь тодорхойгүй байдаг ба зээл авах, эд хөрөнгөө худалдах, ойр дотны хүмүүсээс тусламж дэмжлэг хүсэх байдлаар шийддэг байна. Энэ нь цаг хугацааны хувьд маш их алдагдалтай бөгөөд зарим тохиолдолд өвчнийг хүндрүүлэхэд нөлөөлдөг.
Заавал өвдсөн үедээ биш үүнээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, архи, тамхи болон давсны хэрэглээгээ багасгах, хорт зуршлуудаа бууруулах, эрүүл зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийж өөрийгөө хайрлах нь зүйтэй.
Мөн эрсдэлүүдийг тодорхойлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах санхүүгийн хэрэгслийг судлах нь хэрэгтэй.
Эх сурвалж: medium