Хонгконгийн захирагч Кэрри Ламд гадны болон дотоодын банкууд үйлчлэхээ больсноор зөвхөн бэлэн мөнгө ашиглахад хүрчээ
АНУ-ын хоригт багтсантай холбоотойгоор Хонгконгийн захирагч Кэрри Ламд гадны болон дотоодын банкууд үйлчлэхээ больж, тэрээр зөвхөн бэлэн мөнгө ашиглаж, мөнгийг гэртээ боодол боодлоор нь хадгалахад хүрчээ.
Тэрээр энэ талаар өнгөрсөн баасан гарагт телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хонгконгийн автономит байдлыг үгүй хийхийн тулд Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн хэмээн АНУ-ын эрх баригчид үзэж, Хятадын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан билээ.
АНУ-ын хоригт багтсан Хонгконгийн захирагч Кэрри Ламын хэлж байгаагаар Америкийн компаниуд болон хувь хүмүүст түүнтэй бизнесийн харилцаа тогтоохыг хориглосон учраас тэрээр банкны үйлчилгээ авч чадахаа больсон гэнэ. Түүнчлэн тэрээр АНУ-ын нутаг дэвсгэр дээр үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхгүй болсон байна. Хонгконгийн захирагч өдөр тутамдаа зөвхөн бэлэн мөнгө ашиглаж байгаа ба түүнд данс байхгүй учраас засгийн газраас түүний цалинг мөн л бэлэн мөнгөөр олгодог байна. Кэрри Лам мөнгөө гэртээ шургуулганд боодол боодлоор нь хадгалахад хүрсэн гэнэ.
Кэрри Лам цалингийнхаа багахан хэсгийг бэлнээр авч, үлдсэнийг нь Хонгконгийн Эрдэнэсийн санд хадгалж байгаа ба тэрээр жилдээ 5.2 сая хонгконг доллар буюу 672,200 ам. долларын цалин авдаг аж.
Хонгконг дахь Хятадын их сургуулийн эдийн засгийн профессор Теренс Чонгийн үзэж байгаагаар Хятадын банкууд Кэрри Ламд үйлчилвэл АНУ-ын хоригт багтаж, Америк доллараар арилжаа хийх боломжгүй болно гэдгээс эмээж байгаа аж.
Эх сурвалж: CNN