"Moderna" компанийн вакцин хүнд хэлбэрийн халдвараас 100 хувь хамгаалдаг нь тогтоогджээ
Америкийн Moderna компани коронавирусын эсрэг вакциныхаа клиникийн 3-р шатны туршилтын үр дүнг танилцууллаа. Туршилтаар уг вакцин нь коронавирусын халдвараас 94.1 хувь, уг вирусын хүнд хэлбэрийн халдвараас 100 хувь хамгаалдаг нь тогтоогдсон байна.
Үүнтэй холбоотойгоор Moderna компани АНУ-ын Хүнс болон Эмийн чанарын хяналтын агентлагт mRNA-1273 вакциныхаа зөвшөөрлийг яаралтай журмаар авах хүсэлтээ өгсөн талаар Moderna компанийн албан ёсны твиттер хуудасандаа бичсэн байна.
Америкийн Хүнс болон Эмийн чанарын хяналтын агентлаг энэ сарын 17-нд хуралдаж, Moderna компанийн вакцинд зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэх аж.
Moderna компанийн mRNA-1273 вакцин нь Америкийн Хүнс болон Эмийн чанарын хяналтын агентлагаас зөвшөөрөл хүссэн хоёр дахь вакцин болж байгаа юм.
Тус компаниас өмнө Америкийн Pfizer, Германы BioNTech компани хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакциндаа зөвшөөрөл авахаар хүсэлт илгээсэн ба дээрх компаниудын бүтээсэн вакцин коронавирусын халдвараас 95 хувь хамгаалдаг нь тогтоогдсон билээ.
Яаралтай журмаар зөвшөөрөл авах хүсэлт өгсөнөөр дээрх компаниуд вакциныхаа туршилт судалгааны үр дүнг бүгдийг нь гарч дуусаагүй байхад хэрэглээнд нэвтрүүлж эхэлнэ гэсэн үг юм.
Эх сурвалж: interfax.ru