COVID-19 цар тахлын үед улс орнууд иргэд болон ААН-үүдээ хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?
COVID-19 цар тахал дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, дэлхийн эдийн засаг хөдөлмөрийн зах зээлд маш ихээр нөлөөлж, ихэнх улс оронд аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, хэдэн зуун хүн ажилгүй болж, хүн төрөлхтөн шинэ сорилттой тулгараад байгаа билээ.
Тэгвэл цар тахлын энэ сорилтыг хохирол багатай даван туулах, ажлын байрыг хадгалж үлдэх, жижиг дунд бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд бусад улс орнууд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар www.thompsonhine.com болон бусад эх сурвалжуудад нийтлэгдсэн мэдээллүүдээс танилцуулж байна.
АНУ: Эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээ авах зорилгоор АНУ-ын Конгресс түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 2.2 их наяд ам.долларын санхүүжилтийг баталсан юм. Цар тахлын үр дагаврыг амсаж буй компаниудын татвар төлөх хугацааг хойшлуулж, айл өрх бүрт 3000 мянган ам.долларын дэмжлэг олгож байна.
Герман: Германы Засгийн газар цар тахлын улмаас хохирол амссан компаниудыг хөрвөх чадвартай болгох боломжийг бүрдүүлэх зорилгоор 550 тэрбум евро буюу 605 тэрбум ам.доллар зээлийн багц гаргав.
Франц: Засгийн газраас нийт 9 сая ажил эрхлэгчид 24 тэрбум еврогийн ажилгүйдлийн тэтгэмж, 130 мянган ААН-үүдэд 300 тэрбум еврогийн баталгаа гаргажээ. Ажил олгогчид улсаас ажилчдынхаа нийт цалингийн 60 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг төрөөс авч байна.
ОХУ: ОХУ-ын Засгийн газраас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор “Хямралтай тэмцэх сан” байгуулахаар улсын төсвөөс 300 тэрбум рубль / 4 тэрбум ам.доллар/ гаргажээ. Бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс 81.1 тэрбум рублийн буюу 1.1 тэрбум ам.долларын мөнгөн тэтгэмжийг хуваарилан олгож байна.
БНСУ: БНСУ-ын Засгийн газрын зүгээс 11.7 их наяд вон буюу 9,8 тэрбум ам долларын багцыг ковид 19 цар тахлын үед эдийн засгаа дэмжих, сэргээх зорилгоор баталжээ. Хорио цээрийн дэглэмийн үед орлогоо алдсан 930,000 иргэдэд нийт 1.5 их наяд вон (1.2 тэрбум доллар) санхүүгийн туслалцаа олгохоор шийдвэрлэжээ.
БНХАУ: Засгийн газар компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулж 10 тэрбум ам.долларыг гаргахаар шийдвэрлэжээ.
Канад: COVID-19 нөлөөгөөр орлогоо алдсан иргэдэд тодорхой нөхцөлийн дагуу 2000 канад долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, 40000 хүртэлх канад долларын эргэлтийн хөрөнгийн зээлийг шаардлага хангасан бизнес эрхлэгчдэд олгож байна.
Унгар: Унгарын Үндэсний банк бичил, жижиг, дунд, том аж ахуйн нэгжүүдийн хөрвөх чадварыг хангах зорилгоор зээлийн баталгааны хөрөнгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд нэг компани 10 тэрбум HUF /форинт/ буюу 27 сая евро хүртэлх зээл авах боломжтой юм.
Чех: Хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрээд байгаа дэлгүүр, зоогийн газар болон бусад компанийн ажилтнуудын цалингийн 80 хувийг төрөөс төлж барагдуулах бол үлдсэн 20 хувийг компани төлөхөөр болжээ.
Польш: COVID-19 улмаас орлого нь буурсан бизнес эрхлэгчид Польшийн Хөгжлийн сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй татаас авах өргөдөл гаргаж болно.Уг татаасыг зөвхөн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааны зардлыг нөхөхөд зарцуулах бөгөөд зээл, төлбөр төлөхөд ашиглаж боломжгүй.
Австрали: Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын цалин, хөлс олгоход төрөөс дэмжлэг үзүүлж, тодорхой татваруудын төлөх хугацааг хойшлуулсан.
ӨАБНУ: COVID-19-ийн нөхцөл байдлын үед бүх ажилчдад тэтгэмж олгож байна.
Эх сурвалж: themoscowtimes, shearman, reuters