Хиймэл оюун ирээдүйн дайнд ямар нөлөө үзүүлэх вэ?
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хиймэл оюунтай хамаарал бүхий Квант тооцоолол, Үлэмж өгөгдөл (Big Data), Юмсын интернет (IoT-Internet of things), Жижигрүүлэх технологи (miniaturisation), Өөрийгөө удирдах систем (robotics and autonomy) зэрэг технологиуд таамаглаж байснаас хурдтай хөгжиж шинэ шатанд гарч байна.
Жишээлбэл: 2014 онд го даамны хамгийн сайн хиймэл оюуныг зохион бүтээсэн экспертүүд 10 жилийн дараа гэхэд компьютер хүнийг хождог болно гэж таамаглаж байв. Гэтэл түүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2015 онд Гүүглийн Deep Mind хиймэл оюун, Европын Го даамын аварга Ван Хуйг 5:0 харьцаагаар хожжээ. Хиймэл оюуны энэхүү үсрэнгүй хөгжилд хүргэсэн дараах гол шалтгаануудыг нэрлэж болох юм. Үүнд:
- Компьютерийн тооцооллын хурд огцом өсч байна.
- Мэдээллийн баазын хэмжээ хурдтай өсч байна.
- Машин суралцах арга ажиллагаа, алгоритмын хэрэгжүүлэлт шинэ шатанд гарч байна. Ялангуяа гүн мэдрэлийн сүлжээ (deep neural system)-ний салбарт энэ дэвшил улам бүр мэдрэгдэж байна.
- ХУ-нд хийж буй хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн.
Дэлхийн 2-р дайнаас хойш өөрийгөө бүрэн удирддаггүй системүүд цэргийн салбарт хэрэглэгдэж ирсэн бол өнөөдөр хиймэл оюуны хөгжил цэргийн салбарын технологийг үндсээр нь хувиргаж, хүчний тэнцвэрийг ч өөрчлөх боломж олгож байна. АНУ ба БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөнд хиймэл оюуныг хөгжүүлэх уралдаан маргаангүй нөлөөлөх боллоо.
Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид хиймэл оюун нь ҮАБ-ын нэн чухал бүрэлдэхүүн болж буй энэхүү өөрчлөлтийг соргогоор анзаарч эхэллээ.
АНУ-ын БХЯ 2016 онд “Хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө” баталж, хиймэл оюуныг АНУ-ын цэргийн салбар дахь манлайллыг хадгалах нэг хэрэгсэл гэж үзсэн байна. АНУ-ын БХЯ мөн Пентагон Цахиурын хөндий хоорондын нягт хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалахын инновацийн төвийг байгуулав. Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан технологийн тэргүүлэх орон болох эрмэлзлэлтэйгээр БНХАУ, АНУ-ын шинжлэх ухаан технологийн инновацийн хөтөлбөр болох DARPA-ын хятад хувилбар болох Хиймэл оюуны үндэсний хөтөлбөрийг баталсан байна. ОХУ 2025 он гэхэд цэргийн төсвийн 30 хувийг робот зэвсэгт зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд томоохон улс гүрнүүдийн үндэсний хэмжээний зорилт, санаачлага нь хиймэл оюуны хувирч буй боломж (цэргийн техникийн хувьсгал ч гэж хэлж болно)-ийг ашиглан үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна.
Хиймэл оюуныг цэргийн салбарт өргөнөөр ашиглах болсон нь хүчирхэг гүрнүүдийн стратегийн өрсөлдөөнийг ихэсгэж тогтворгүй байдлын гол эх сурвалж болж байна. Үүнийг батлах зорилгоор хоорондоо холбоо бүхий дараах гурван аргументийг авч үзье. Үүнд:
Хиймэл оюун өнөөгийн хөгжлийн шатандаа дангаараа кибер орон зай, өөрийгөө удирддаг систем болон робот, удирдлагатай пуужин зэрэг өндөр технологийн зэвсгийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, хурдасгах стратегийн нөлөө үзүүлэх гол эх сурвалж болж байна.
Давхар хэрэглээ бүхий хйимэл оюуны технологийн тархалтын тодорхой бус байдал, эрсдэл нь олон улсын аюулгүй байдлыг сулруулах дараах нөхцөлийг үүсгэж байна. Үүнд:
- одоо байгаа аюулыг улам хурцатгах
- эдгээр аюул заналын мөн чанар, шинж чанарыг өөрчлөх
- санамсаргүй, аюултай шинэ аюул занал үүсгэх
Хиймэл оюуны технологийг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн (ялангуяа АНУ, Хятад) Батлан хамгаалахын салбарт хөгжөөд ирвэл стратегийн өрсөлдөөн, үл итгэх байдлыг нэмэгдүүлэх нэмэлт хөшүүргийг бий болгох бөгөөд энэ нь олон улсын аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болно.
Стратегийн тогвортой байдалд кибер орон зай хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны ажлууд ихээр байдаг бол хиймэл оюуныг ирээдүйн дайнд ашиглах боломжийн талаар тийм ч их судалгаа байдаггүй. Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн, ёс зүйн, хэм хэмжээний, эдийн засгийн, техникийн гэх мэт "хиймэл оюуны асуудлуудтай" холбоотой олон улсын харилцааны судалгаа улам бүр нэмэгдэж, олон талын маргаан дагуулж байна.
Эх сурвалж: science-du