Долоон буудал бол далан өнгийн амьдрал буцалсан, магадгүй далан мянгаас доошгүй хүн өдөртөө хөлхөлддөг их хөлийн газар. Бараг бүх төрлийн худалдаа, үйлчилгээ төвлөрч хүний их мөрөн урсаж байдаг.
Харин хөл хорио тогтоосноос хойш анир чимээгүй болсон нь цаанаа нэг л эвгүй, ёозгүй. Амьдрал идэвхтэй өрнөж буйг илтгэж байдаг олон янзын дуу чимээ таг болжээ. Миний анзаарснаар 7 буудалд дараах 7 чимээ алга болжээ.
1. “Долоо ганц хүн, долоо ганц хүн ...”
Заримдаа ажил дээрээ оройтож суугаад гараад явахад Ардын буудал эсвэл Багшийн дээд хавиар сонсогддог. Харин өглөө эрт 7 буудлаас ажил руу явахад таксичид “Багшийн дээд” эсвэл “Хороолол, хороолол” гэж хашгирна. Бас Санзай, Бэлх, Сэлх, Чингэлтэйн маршрут бий.
Гурван хүний суудалд заавал дөрвөн хүн суулгаж, чихэлдүүлж явах гээд байдаг болохоор зарим зорчигч төвөгшөөхдөө “Алив, нэг хүнийх нь мөнгийг өгчихье” гэх нь бий.
Миний хувьд такси барьж, хааяа дуудлагын жолоочоор үйлчлүүлэхдээ ярилцах дуртай. Ер нь таксины жолоочийн ярианаас тухайн газар орны нийгмийн амьдралын олон тал, өнгө аясыг таньж болдог. Мэдээж Prius бол тэдний хамгийн том нийтлэг шинж. Зарим нь хувийн амьдрал, болохгүй бүтэхгүй байгаагаа нээлттэй ярина, ялангуяа ахимаг насныхан. Зарим нь яарч яваад шүргэлцэнэ. Ийм үед “Машинаа банк бусын нэр дээр тавьчихсан юм. Тохиролцчихий” гэсэн үгийг олонтоо сонсож байлаа. Ер нь Улаанбаатарын Prius-нуудын тал хувь нь банк бусын зээлийн барьцаанд байдаг байх гэж боддог.
Долоон буудал бол манай хотын хамгийн түгээмэл маршрут бөгөөд олон зуун таксины жолооч энэ маршрутаар явж амьдралаа залгуулдаг. Харин хөл хорионоос хойш банк бусын зээл нь юу болж байгаа, таксичдын амьдралд юу болж байгааг ёстой чөтгөр бүү мэд.
2. “Нохойн хоол аваарай”
Энэ хавийн автобусны буудлыг яг автобусны буудал гэж хэлэхэд бэрхтэй. Буудал гэхээсээ илүү бараг л задгай зах. Автобуснаас буунгуут л сэрийтэл шулсан яснууд, ууталсан гэдэс дотор бүхий нохойн хоолны наймаачид угтаж авна. Жилийн дөрвөн улиралд, жавар нар, бороо шуурганы алинд нь ч автобустай цуг ирж, автобустай цуг буудаг энэ хүмүүс бизнес хийхээс илүүтэй хоногийн хоол, талхны мөнгөө олохын төлөө амьдардаг. Тэдэн дунд олон жилээр гадаа сууж байгаа хүмүүс цөөнгүй. Худалдан авагчид нь гэвэл нохойдоо зориулж авдаг ч нь бий, өөрсдөдөө зориулж авдаг нь бас бий.
“Нохойн хоол аваарай”-гийн яг дэргэд нь “Ногоогоо аваарай”, “Самар аваарай” ч бий. Ил задгайгаар худалдаа эрхэлдэг тэднийг үе үе цагдаа, мэргэжлийн хяналтынхан ирж бужигнуулна. Гэвч өөр очих газар тэдэнд байхгүй.
3. “Бүх бараа 1999 төгрөг”
“Та манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ үү” гэж үргэлжилнэ. Голдуу ахуйн чиглэлээр түр хэрэглэх эд зүйлс, хэрэгсэл, амархан эвдрэх тоглоом сэлт борлуулдаг энэ төрлийн бизнес амжиргааны түвшин доогуур манай улсын хувьд өөрийн гэсэн зах зээлийн орон зайтай. Баяр ёслолын үеэр, ялангуяа Цагаан сар дөхөхөөр иймэрхүү хямдхан барааг бөөндөж авах нь ихэсдэг. Харин өнгөрөгч хоёр сараас цар тахлын хөл хорио, хязгаарлалт эхэлснээс хойш энэ чимээ илт ховордож, 1999 биш, 3999 төгрөгний бараа үлджээ.
4. “Угаалгын машин, бүх төрлийн цахилгаан барааны засвар ажиллаж байна”
Хүйтрэхээс өмнө эвдэрсэн угаалгын машинаа засуулах гэсээр байтал хөл хориотой золгочихов. Миний мэдэхээр долоон буудлын цахилгаан барааны засвар захиалга сайтай байдаг. Учир нь захаас голдуу авсан цахилгаан хэрэгслүүд эвдрэх нь амархан. Хайлаастад бас нэг салбартай, тэрүүхэн тэндээ сүлжээ болсон бизнес. Гэхдээ механик эвдрэл биш, программын асуудал үүсэхэд засч чаддаггүй нь харамсалтай.
5. "Үсчин, гоо сайхан, барилгын материал, гар утасны дагалдах хэрэгсэл, засвар ажиллаж байна”
Яг ингэж зарладаг. Бодвол хэд хэдэн газар нийлээд нэг чанга яригч ашигладаг байх. Ер нь долоон буудалд байхгүй газар байхгүй. Үсчний газар 10 орчим, барилгын материал 4, ломбард бас 10 орчим, хүнсний зах 4, бүх IPTV, үүрэн холбооны бүх оператор, 3 супермаркет, 3-4 барааны зах, согтуу хоолойгоор дуулалдах хэд хэдэн караоке, хажуугаар нь гарахад олон дахин шарсан тосны эхүүн үнэр бүхий хоолны газрууд, эмийн сан, шүдний болон эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх мэт. Одоо зөвхөн хүнсний чиглэлийнхэн л үлджээ.
6. “Сайн чанарын комиссын гутал зарж байна”
Бас л хүйтрэхээс өмнө ууланд алхахад өмсөх аятайхан гутал авна даа гэж бодож байтал хаагдчихсан. Яагаад ч юм долоон буудлын комиссын дэлгүүрүүд голдуу гутал зардаг. Зарим нь 50 мянгад гурван ботинк аваарай гэх нь ч бий. Үе үе ийм “урамшуулал” явагддагийг бодоход зах зээл нь бас байдаг бололтой.
7. "Хөөе чи зайлаад өгөөч ээ" эсвэл "Зам тавиад өг... Виуу виуу виуу"
Долоо буудал бол Улаанбаатарын хамгийн их түгжирдэг газруудын нэг. Ялангуяа зун, намартаа нийслэлийн ихэнх оршин суугчид зуслан руугаа зүглэхэд түгжрэл үүсч хахалддаг, нэг ёсондоо их хотын маань “багалзуур” болсон хэсэг. Тойрч явахаас залхуурсан жолооч нар гэрлэн дохио өнгөрөв үү үгүй юу давхар зураасан дээгүүр цагдаагийн нүд хариулан буцаж эргээд түгжээг улам ихэсгэнэ. Үүнээс болж жолооч нар хэрэлдэнэ.
Түүнээс гадна долоон буудал бол гал команд, түргэн, цагдаагийн машины дуу хамгийн их сонсогддог газар болов уу. Эндээс хойш холгүй аврах анги байдаг учраас Чингэлтэйд гарсан гал түймрийн дуудлагын машинууд үүгээр явж өнгөрдөг. Шөнийн цагаар цагдаагийн машины дохио дуугарна. Харин цар тахлын хөл хориогоор архи зарахаа больсноор энэ төрлийн чимээ бараг гарахаа байсан нь эдгээр долоон чимээн дундаас эерэг гэж болохоор цорын ганц нь.
Хэрэв тахлын нөхцөл байдал намжихгүй бол 12 дугаар сард шинэ жил угтан улам их болдог амьдралын тэр их чимээг энэ удаа сонсохгүй байх. Хамгийн харамсалтай нь эдгээр чимээ анираар илэрхийлэгддэг тэдгээр амьдралд одоо юу болж байгаа бол гэж бодохоос гуниг төрнө.
Магадгүй “Өвөл айсуй” гэдэг үг 2020-2021 онд нийслэлийнхний хувьд бодит аюул дагуулсан хэллэг болох нь. “Сиймхий ч гэсэн ..., сэгсгэр ч гэсэн ...” гэдэг шиг өнгө төрх нь тааруу ч долоон буудал нь маш олон хүний амьдралыг тэтгэдэг нийслэл хотын их зээлийн газар аж. Харин одоо нам гүм болжээ.
Энд ганцхан л чимээ тод сонсогдоно. Тэр нь “УОК-ийн шуурхай штабаас анхааруулж байна ...”. Энэ нь Ж.Оруэллийн “1984” гэсэн романы өгүүлэмжийг санагдуулна.
Нийтлэлч Г.Даваадорж