Хөл хорионы дараа бидний сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарах вэ?
Хөл хорионы хатуу чанга дэглэм багасаж хаалттай байсан газрууд үүдээ нээх нь тодорхой ч урьд нь суудаг байсан ширээ өмнөх шигээ мэдрэгдэх ээ больсон байх аж. Хүмүүсээс дөлж, зай барих сэтгэлзүй бидний дотор гүн суугдаж гадуур алхахад уур амьсгал өөр болжээ. Дэлхий нийтээр хөл хорио цаашид есөн сараас нэг жил үргэлжлэх магадлалтай байгаа юм.
Хүн гэдэг тусгаарлагдмал байдалд тийм ч таатай байдаггүйг сэтгэлзүйчид нотолчихсон. Бид чинь угаас нийгмийн амьтан шүү дээ. Тахал гарснаас хойш эрдэмтэд хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байгааг нь судалсан бөгөөд уг хөл хорио нь бидний сэтгэлгээнд ноцтой нөлөө үзүүлж буйг олж тогтоожээ. Хөл хорио арилмагц аль болох нийгмийн үйл ажиллагаанд хамрагдаж алдагдсан орон зайгаа нөхөхийг зөвлөж байна. Гэртээ бүгэхээс илүүтэй бусад хүмүүсээс айх айдас буюу бусдыг өөрт нь өвчин халдаачихвий гэж айж хажиглах нь цар тахлаас ч илүү хор хөнөөлтэй зүйл гэнэ.
Нэгэнт одоо уг дадал бидэнд суучихсан учир бүх зүйл дууссаны дараа эргэн хэвийн байдалдаа орохын тулд шинэ дадал өөртөө суулгаж эхлэх хэрэгтэй. Үүний тулд орчин тойрноо өөрчилж илүү таатай, дулаан уур амьсгал бүрдүүлж, дулаахан, өнгө алагласан дотоод заслуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Тахал дууссан ч хөл хорионы үед дотны хүн, гэр бүлийн гишүүнээ тахалд алдсан улсууд мөн түүнчлэн мэдээний шуурганд бөмбөгдүүлсэн сэтгэхүй мөд хэвийн болохгүй учир юун түрүүнд өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаад зогсохгүй бусад хүмүүсийг ч мөн тэгж байгаа гэдэгт итгэлтэй байх нь хамгийн хурдан үр дүнтэй арга юм.
Үйлчилгээний газрууд иргэдийнхээ сэтгэлзүйг ойлгож хүндлэх, тэдэнтэй нээлттэй байж аргадангуй харьцах нь чухал. Ариутгал, аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгээ нээлттэй илэрхийлэх, өрөөний тохижуулалтыг таатай байдлаар бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авна уу.
Одоо цаг үед бид нэг өрөөнд бөөгнөрч суулгүйгээр хамтдаа байж нэг нэгнийхээ сэтгэлзүйг дэмжих нь асар хэрэгтэй байгаа юм шүү.
Эх сурвалж: BBC