Хараагүй хүмүүст зориулсан “ухаалаг шил”-ийг зохион бүтээлээ
Хүмүүс хараагүй хүмүүсийг таг сохор, гэрэл огт хардаггүй, хав харанхуйгаар төсөөлдөг, гэвч тэдний 90 орчим хувь нь сул хараатай, аливаа юмсыг бага ч болов хардаг гэнэ. Гэхдээ зөвхөн тодорхой өнцгөөс хардаг.
Тэдгээр хүмүүс зөвхөн нүднийхээ захад байгаа зүйлсийг маш бүдэг харж чаддаг бөгөөд нүдний гол хэсэгт огт хардаггүй эсвэл энэ нь эсрэгээрээ гол хэсэгтээ бүрзгэр хардаг гэнэ. Тэд гэрэл болон юмсыг маш ойроос харж мэдэрдэг.
Оксфордын их сургуулийн судлаачдын баг эдгээр хүмүүст зориулсан “Ухаалаг шил”-ийг зохион бүтээжээ. Энэ нь анх Xbox-ийн хөгжүүлсэн 3D камерийн тусламжтайгаар хөдөлгөөнийг бичиж авахын зэрэгцээ дүрсний ялгарлыг ихэсгэж хэрэглэгчийн нүдний өмнөх дэлгэцэд харуулдаг төхөөрөмж юм.
Энэхүү ухаалаг төхөөрөмж нь шилний хүрээн дээр суурилсан видео камер, халаасанд багтахуйц жижиг хэмжээтэй тооцоолон бодох төхөөрөмж, шилний дэлгэцэд зургийг харуулдаг программ зэргээс бүрддэг. Тунгалаг электрон дэлгэцэд хүмүүс болон орчин тойрны ерөнхий дүрс гардаг. Энэ төхөөрөмж хүмүүст ширээ, сандал, замын хашлага гэх мэт чухал зүйлсийг зураг болгон хөрвүүлдэг тусгай камертай аж.
Энэ шил нь бараан зүйлсийг хар, цайвар зүйлсийг цагаан болгож харагдуулдаг бөгөөд ард байгаа зүйлс сарнин харагдана. Ухаалаг шил нь хараагүй хүмүүсийг хараа оруулж чадахгүй ч гэсэн тэдэнд урдаа байгаа зүйлсийг илүү сайн мэдэрч, хэн нэгэнтэй харилцахад илүү хялбар болгон өгч байна.
Эх сурвалж: science-du