Хүүхдийг гар утасны хамаарлаас ангижруулах 5 арга
Хүүхэд нь гар утасны хамааралтай боллоо гэсэн олон эцэг эх сэтгэлзүйчид ханддаг. Хүүхэд гар утас, компьютерийн дэлгэцэнд хэт их анхаарал төвлөрүүлснээс болоод бодит ертөнцөөс тасарч, хоол идэж, хичээл хийх, унтаж амрахаа ч умартдаг.
Хамгийн харамсалтай нь энэ бүгдийн дараа цухалдуу ууртай болж, хичээл сурлагаар хоцорч, биеийн идэвх нь буурч, нийгэмд дасан зохицох чадваргүй болдог сөрөг нөлөөтэй. Мэдээж энэ бүгдийн дараа л эцэг эхчүүд түгшүүр зарлаж эхэлдэг. Энэ үед гар утсыг огцом хязгаарлаж, шийтгээд ямаргүй болдог байна.
Юуны түрүүнд хүүхдүүд эцэг эхээсээ үлгэр дууриал авдаг тул өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Тухайлбал та тэдэндээ ямар үлгэр жишээ үзүүлж байна вэ? Та хүүхдүүддээ цаг бага зарцуулж, гар утас, компьютерт хэт анхаарал төвлөрүүлж байгаа юм биш биз? Та хүүхдүүдээ ямар нэгэн юм хийлгэхийн тулд хэр их цаг зарцуулдаг вэ? Энэ тоглоомыг хүүхдэд хэн бариулав?
Хүүхэд дэлгэцэнд донтсоноор бодит амьдралд оролцохоос татгалзаж, улмаар гар утасны боол болдог гэдгийг сана.
Тиймээс хүүхдэдээ гар утасны хамааралгүй болгохын тулд хэрхэн туслах вэ?
Нэн тэргүүнд огцом өөрчлөлтөөс татгалзах хэрэгтэйг санаарай. Бүх зүйлийг алгуурхнаар, алхам алхмаар өөрчилж, үр дүнд хүрэх нь чухал. Ес хүртэлх насны хүүхдүүдэд яагаад болохгүй, ямар үр дагавар гарах талаар тайлбарлаад ойлгохгүй.
Энэ насны хүүхдүүд хүссэнээрээ аж төрдөг бөгөөд таатай санагдсан бүхнээ л сонгодог. Харин хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өөрөө үлгэр жишээ болж, өөрийнхөө туршлагаар үзүүлж, өсөж хөгжихөд нь өөрсдөө хариуцлага үүрэх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ цагийг сайн өнгөрүүлж, хөгжүүлэх тоглоом тоглож, зугаалж болно. Түүнчлэн дугуйлан, секцэд бүртгүүлбэл тустай.
Гар утасны хамаарлаас ангижруулах 5 зөвлөмжийг хүргэе.
- Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ёс зүйн хүчирхийлэлгүйгээр шидэт үлгэрээр ангижруулж болно.
- Том хүүхдүүдэд өөрсдөө үлгэр дууриал бол. Гэртээ гар утас хэрэглэх соёл бий болгож, бүх гишүүнээ чанд дагахыг зөвлөөрэй. Жишээлбэл, тодорхой хугацаанд л гар утас хэрэглэдэг хуваарь гарга. Ийм соёл нэвтрүүлснээр та ч өөрөө цухалдах нь багасч, тодорхой асуудалдаа төвлөрч эхэлж байгаагаа анзаарна. Мөн хамтдаа амрах соёл бий болгоорой. Хүүхдэд тань болон танд сайхан байх амралт байх ёстой. Жишээлбэл, идэвхтэй тоглоом, агаарт гаргах, хамтдаа хөгжүүлэх тоглоом тоглох, спорт зэргийг дурдаж болно.
- Тохирох цагийг сонгож, дугуйлан секцэнд явуул. Туршилтын хичээлд суулгаж, дасгалжуулагч, багш нартай танилцуулж, таалагдсан хичээлийг нь сонгоорой.
- Системтэйгээр сэтгэж сурга. Хүүхдээ ямар хүн болох талаар нь хамтдаа сэтгэж, ирээдүйн тогтвортой дүр төрхөө бүрдүүлэхэд нь тусал. Мөн шалтгаан-үр дагаврын холбоотой жишээ хэлж өг. Тухайлбал, түүнийг агуу тамирчин, дуучин, эсвэл жүжигчин болбол тэр бас л гар утастай зууралдаад суухгүй гэдгийг нь сануул. Мөн буруу хооллолт ямар үр дагавар авчрах вэ? Гэрийн даалгавраа өдөр бүр хийвэл юу болох вэ? Харин хийхгүй бол яах в? Маргааш гэж хойшлуулснаас яг одоо хийвэл ямар хялбар вэ? Хичээлээ тасалбал ямар үр дагавартай вэ? Зэрэг асуултад тайлбарлаж өгөөрэй.
- Хүүхдээ сонсож сур. Амьдралаас жишээ татъя л даа. Хүүхэд тань сургуульдаа явахыг хүсэхгүй байна гээд төсөөлье л дөө. Энэ тохиолдолд та ихэвчлэн юу хийдэг вэ? Та хүүхдээ ойлгосон шийдвэр үнэхээр гаргаж чаддаг уу? Энэ “хүсэхгүй” гээд байгаагийн цаад шалтгаан нь юу вэ? Түүний сэтгэл санаа ямар байна вэ? Юу сэтгэлд нь нийцэж байна вэ? Та үнэхээр юу болоод байгааг мэдэж, хүүхдээ чин сэтгэлээсээ сонсож ойлгохыг, зөвлөгөө өгөхийг хүсч байна уу?
Бид зөвхөн өөрсдийнхөө байр суурь дээр бат зогсож, юу ч болсон өөрсдийнхөөрөө байлгахыг зүтгэдэг шүү дээ. “Тийм юм битгий бод”, “Боловсрол мэргэжилгүйгээр хаа ч явахгүй” гээд л зүтгэдэг юм биш биз. Тэгвэо стратегиа өөрчлөөд, хүүхдээ сонсох, ойлгох шийдвэр гаргаарай.
Эх сурвалж: econet.ru