"Telsa" компани дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч болжээ
АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хувьцааны ханш түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрснээр Японы “Toyota” компанийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ.
“Tesla” компанийн хувьцаа лхагва гарагт 1134 ам.долларт хүрснээр зах зээлийн үнэ цэн нь 209.47 тэрбум ам.доллар болсон нь “Toyota” компанийнхаас дөрвөн тэрбум ам.доллараар давсан байна.
Гэсэн хэдий ч “Toyota” компани өнгөрсөн онд “Tesla”-гаас ойролцоогоор 30 дахин олон автомашин худалдаалж, 10 дахин их ашиг олсон байна.
Хөрөнгө оруулагчид цахилгаан автомашиныг илүү ирээдүйтэй хэмээн үзэх болсонтой холбоотойгоор “Tesla” компанийн хувьцааны ханш 2020 оны эхнээс огцом нэмэгдэж эхэлжээ.
Калифорни муж улсад төвтэй “Tesla” компани олон жилийн турш алдагдал хүлээсний эцэст гурван улирал дараалан ашигтай ажилласан бөгөөд коронавирусний халдвар тархсаныг үл харгалзан энэ оны эхний гурван сард уг эрчээ хадгалсан байна.
Гэвч “Toyota” компани нь борлуулалтын хувьд томоохон төлөөлөгч хэвээр байна. Тус компани энэ оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд 10.46 сая тээврийн хэрэгсэл худалдаалж, 281.2 тэрбум ам.долларын орлого олжээ.
Харин “Tesla” компанийн хувьд 2019 онд 24.6 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 367200 автомашин зах зээлд нийлүүлсэн байна.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид АНУ-ын фирмийн нөөц бололцоонд сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид цахилгаан автомашины зах зээлд давамгайлж чадна гэж үзэж байгаа ажээ.
“Tesla” компани бүтээгдэхүүний хүрээ, хүчин чадал, технологийн хувьд олон томоохон сорилттой тулгарч байна гэж “Jefferies” фирмийн шинжээчид үзжээ. Гэвч тус компанийн үнэ цэн АНУ-ын өрсөлдөгчид болох “General Motors”, “Ford” компанийнхыг давсан байна.
“Бид 2020 онд дор хаяж 500 мянган автомашин нийлүүлнэ” гэж “Tesla” компанийн тэргүүн Илон Маск мэдээлсэн бөгөөд тус компани коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед уг зорилтоо өөрчлөөгүй байгаа ажээ.
Эх сурвалж: BBC