БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд баярын мэндчилгээ илгээжээ.
Тэрээр мэндчилгээндээ "Хоёр улсын эрүүл, тогтвортой хөгжлийн харилцааг дэмжих нь зөвхөн Хятад болон Америкийн ашиг сонирхолд бус олон улсын эрх ашигт нийцнэ." хэмээн онцолж, хоёр улс харилцан бие биенээ хүндэтгэн, хамтын ажиллагаан дээрээ анхаарч ажиллахыг уриалжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсаны дараа нэр дэвшигч Жо Байденд дэлхийн олон улс орнуудын тэргүүнүүд баяр хүргэж, мэндчилгээ илгээсэн ч БНХАУ болон ОХУ тэргүүтэй хэд хэдэн улс орны удирдагчид мэндчилгээ дэвшүүлээгүй байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 2 долоо хоног өнгөрсний дараа ийнхүү БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин түүнд баярын мэндчилгээ илгээгээд байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоог хүртэл баяр хүргээгүй байна.
Хятадын Дэд Ерөнхийлөгч Ван Көцян АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид дэвшсэн Камала Харрист мөн баярын мэндчилгээ илгээсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн байна. Ши Жиньпин, Жо Байден нарын хувьд 10 орчим жилийн өмнөөс бие биенээ таних ба 2011 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден БНХАУ-д 6 өдрийн айлчлал хийж, тэр үед Хятадын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ши Жиньпинтэй уулзаж байсан юм. Уг үйл явдлаас хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа 2012 оны 2-р сард Ши Жиньпин Вашингтонд айлчилж, Жо Байден түүнийг Ерөнхийлөгч Барак Обаматай уулзуулж, Лос-Анжелест хамтын гэрээ байгуулж байжээ. Өнөөдрийн байдлаар Жо Байдений гадаад харилцаа хариуцсан баг Бээжинг АНУ-ын өмнө тулгарч буй хамгийн том асуудлын нэгд тооцож байгаа ба Жо Байден өнгөрсөн 1-р сард АНУ-ын зүгээс Хятадын тал дээр хатуу бодлого баримтлах шаардлагатай хэмээн онцолж байсан билээ.
Хятад, Японы маргаантай бүс нутаг дахь зөрчил, ядуу буурай улс орнуудад их хэмжээний зээл олгож санхүүгийн хараат байдалд оруулах явдал, Шиньжаанд исламын шашинтай иргэдийг хорих байруудыг бий болгож, Хонгконгийн автономит байдлыг үгүй хийж байгаа зэрэг асуудлуудыг Вашингтоны зүгээс хатуу шүүмжилсээр байгаа билээ. Нөгөөтэйгүүр Жо Байден зарим нэг асуудал дээр Бээжинтэй хамтран ажиллах шаардлагатайг онцолсон ба үүнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Хойд Солонгосын асуудал багтаж байгаа аж.
Эх сурвалж: CNN