"SpaceX" компани сансарт ачаа хүргэх шинэ технологи боловсруулжээ
Саяхан АНУ-ын "SpaceX" хувийн компани 63 тонн ачаа тээвэрлэх боломжтой хүнд ангиллын зөөгч пуужинг сансарт хөөргөж олон рекорд амжилтын эзэн болсон билээ. Тэд пуужингийн хоёр гол хөдөлгүүрийг дахин ашиглах боломжтой болгосон нь тээврийн зардлыг бууруулах чухал ач холбогдолтой зүйл болсон юм.
АНУ-ын НАСА нь сансарт 1 паунд буюу 450 грамм ачааг 10 орчим мянган ам.доллар, ачаа тээврийн "Cygnus" сансрын хөлгөөр бол 43,1 мянган ам.доллараар гаргаж байгаа бол "SpaceX" хувийн компани 450 грамм ачааг 27 мянган ам.доллараар гаргах боломжийг олгожээ.
Гэхдээ л пуужингаар ачааг сансарт гаргах нь маш их эрсдэлтэй, зардал өндөртэй ажил юм. Сансарт асар том инженерийн барилга, байгууламж барихаар мөрөөдөж буй хүмүүсийн хувьд ийм өндөр өртөг нь саад бэрхшээл болж байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ зарим хүмүүс сансарт илүү хямд, найдвартай аргаар ачаа гаргах талаар сэтгэн бодож, бүр төсөл хэрэгжүүлээд явж байна.
АНУ-ын Калифорни мужид төвтэй "SpinLaunch" бол 2014 онд сансарт ачаа хүргэх цоо шинэ технологи гаргах авах зорилгоор нууцлаг байдлаар байгуулагдсан компани юм. Компанийн инженерүүдийн санаа тун энгийн. Тэд уламжлалт химийн түлш бүхий пуужингаас татгалзаж оронд нь том хэмжээний центрифуги дотор асар их хэмжээний энерги хуримтлуулж байгаад ачаа ачсан пуужинг сансар рүү цагт 4,8 мянган км-ийн хурдтай харвах явдал юм. Хэрвээ энэ санаа бүтэмжтэй болбол нэг удаагийн сансарт хөөрөх зардлыг 500 мянган ам.доллар болтол бууруулж чадах ажээ. Ямар ч байсан тус компани нь төслийн эхний шатыг хэрэгжүүлэх зорилгоор 30 сая ам.доллар цуглуулах, төсөлд хөрөнгө оруулагч нар хайж байгаа юм байна.
Гэхдээ тийм их хурдтай нисэж буй пуужингийн доторх хэврэг ачаа, бараа даралт, үрэлт, халууныг тэсвэрлэж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Тус компанийн зүгээс өгч буй хариулт нь өнгөрсөн гурван жилийн дотор газраас сансар руу харвах катпултын гол технологийг боловсруулж бүр жижиг туршилтын загварыг бүтээж туршиж үзсэн байна. Одоо зөвхөн том хэмжээний барилга, байгууламж барих ажил үлдээд байгаа ажээ.
Эх сурвалж: BBC