Хятадын эрх баригчид Австралийн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй байна гэв
БНХАУ-ын засгийн газар дипломат маргааны улмаас энэ оны 10 дугаар сарын эхээр Австралиас нүүрс импортлохыг тодорхойгүй хугацаагаар хориглосон юм. Гэвч Бээжингийн зүгээс Австралийн нүүрсийг хорьсон шалтгаанаа өнөөдрийг хүртэл албан ёсоор тайлбарлаагүй. Харин лхагва гарагт Хятадын засгийн газар энэ талаар хөндсөн байна.
Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч сүүлийн жилүүдэд Хятадын гаалийн алба импортоор орж ирж байгаа нүүрсэнд аюулгүй байдал, чанарын үнэлгээ хийдэг болсон. Үүний үр дүнд зарим импортын нүүрс байгаль орчны стандартад нийцэхгүй байгааг тогтоосон гэж мэдэгджээ. Хэдийгээр Хятадын засгийн газар улсын нэр цохоогүй ч энэ нь Австралийн нүүрс чанарын шаардлага хангахгүй байгааг илтгэсэн хэрэг гэж Австралийн АВС болон бусад олон улсын эдийн засгийн голлох хэвлэлүүдэд мэдээлжээ.
Хятад улс Австралийн нүүрсийг 10 дугаар сарын эхэн үеэс эхлэн хилээр оруулахгүй байгаагаас Хятадын хоёр боомтод 700 сая америк долларын өртөг бүхий 7 сая тонн нүүрс гацсан байдалтай байна. Хятадын хилээр Австралийн нүүрс оруулахыг зогсоосноос хойш Монгол Улс болон ОХУ-аас Хятадад нийлүүлэх нүүрсний импорт нь нэмэгдсэн байна. Нүүрс нь Австралийн Хятадын зах зээлд гаргадаг гол бүтээгдэхүүнүүдийн нэг.
Австралийн нийт экспортын гуравны нэгийг Хятадын зах зээл эзэлдэг. Гэвч Хятадын талын хоригт орсон Австралийн экспортын долоон гол бүтээгдэхүүний нэг нь нүүрс байгаа юм.
Эх сурвалж: Business Insider