Коронавирусын эсрэг вакциныг хамрын цацлага хэлбэрээр бүтээхээр хэд хэд компани ажиллаж байна
ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумия Сваминатаны мэдээлснээр эмийн хэд хэд компаниуд коронавирусын эсрэг вакциныг хамрын цацлага хэлбэрээр гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Түүний хэлж байгаагаар коронавирусын эсрэг вакциныг ууж хэрэглэх хэлбэрээр гаргаж байгаа компани байхгүй бөгөөд ихэнх нь уг вакциныг тариа хэлбэрээр, цөөн хэд нь хамрын цацлага хэлбэрээр гаргахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн сард ОХУ-ын эрдэмтэд коронавирусын эсрэг вакциныг хамрйн цацлага хэлбэрээр гаргахаар ажиллаж байгаа тухай мэдээлж байсан ба уг вакцин нь клиникийн өмнөх туршилтын явцдаа буюу амьтад дээр туршигдаж байгаа аж.
Харин сайн дурынханыг оролцуулсан клиникийн туршилт 2021 онд хийгдэхээр төлөвлөгджээ. 11-р сарын 23-ны байдлаар дэлхий дээр 58.9 сая хүн коронавирусын халдвараар өвчилж, эдгээрийн 1.39 сая нь уг вирусын халдварын улмаас нас бараад байна. ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус амьжиргааны түвшин доогуур, ядуу иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж чадахгүй байх эрсдэлтэй байгааг мөн анхааруулжээ. Тэрээр дэлхийн улс орнуудын засгийн газрууд коронавирусын эсрэг вакциныг хүн амдаа тэгш бөгөөд жигд хуваарилах ёстой гэж үзэж байгаа аж.
ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумия Сваминатаны хэлж байгаагаар коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлт 2021 оны эхний хагаст эхлэх төлөвтэй байгаа ба эхний ээлжинд цар тахлын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс, тэр дундаа эрүүл мэндийн ажилчдыг хамгийн түрүүнд коронавирусын эсрэг вакцинд хамруулах зорилт тавиад байгаа аж.
Эх сурвалж: Lenta.ru