Худал мэдээлэл нь таныг төөрөгдүүлэх зорилгоор үүсэж, түгээгддэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдаг. Хэдий их баримттай, сэтгүүлчийн хичээл зүтгэл шингэсэн бай хамаагүй бүхий л мэдээг сэжиглэхэд хүргэдэг.
Гэвч үнэн болон худал мэдээлэл хоёрын хооронд бидний тэр бүр анзаардаггүй ялгаа бий. Тиймээс "Columbia Journalism Review" сэтгүүлд нийтлэгдсэн "The News Literacy Project"-оос гаргасан худал мэдээллийн эсрэг зогсож, үнэн мэдээллийг хэрхэн таних аргыг хүргэж байна.
1. Сэтгэл хөдлөлөө хяна.
Худал мэдээлэл ихэвчлэн бидний сэтгэл хөдлөлөөр дамжуулж ухаалаг сэтгэхүйг унтраадаг. Тэгэхээр та тус мэдээллийг уншаад төрсөн анхны сэтгэгдэл чинь юу вэ? Та ууртай байна уу? Бухимдаа юу? эсвэл сонирхолтой санагдсан уу? Сэтгэл чинь хөдлөө юу? Мэдрэмжээ сайтар бодоорой.
2. Эх сурвалжийг асуу.
Тухайн мэдээллийг хаанаас гаргасан, хэн бичсэн, юунд зориулсан эсэхийг мэдэж байвал үнэн, худлыг ялгахад тусална. Энэ нь сонины мэдээ юу? Хэн нэгний үзэл бодол уу? Зар эсвэл хошигнол уу? Веб сайтаас үзэж байгаа бол тухайн сайтад "Бидний тухай" гэсэн хэсэг бий юу? Түүнд нь сайтын түүх, холбоо барих мэдээлэл байна уу? гэдгийг нь харгалзан үзэх хэрэгтэй.
3. Хэвшмэл байдлаасаа сэргийл.
Хэрэв тухайн мэдээлэл танд зөв санагдаж байвал та шүүмжлэлтэй хандахгүй байх магадлалтай. Уг мэдээлэл үнэн эсвэл худал гэдэгт та итгэлтэй байна уу? Өөрийгөө хэвшмэл байхыг хүлээн зөвшөөрч байна уу? гэдгийг бодоод үзээрэй.
4. Зурвасуудыг анхаар.
Санаатайгаар төөрөгдүүлэх гэсэн мэдээллүүд ихэвчлэн хэт түрэмгий шинж чанартай байдаг. Энэ нь сунжирсан, нийлмэл эсвэл хэт их тасалдсан өгүүлбэрүүдийг ашигладаг ба маш олон хэсгийг нь онцолсон байдаг. Мөн тус мэдээлэл нь нууц агуулсан эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэхийг хүсээгүй зүйлийг агуулсан гэж магадгүй.
5. Илүү ихийг судал.
Тухайн мэдээллийг хаанаас анх гаргасныг олж мэд. Нэр хүндтэй мэдээллийн хэрэгслүүд адил зүйл бичсэн байна уу гэдгийг хар. Factcheck.org зэрэг баримт мэдээллийг баталгаажуулдаг хараат бус байгууллагууд тухайн мэдээллийн тухай бичиж, маргасан эсвэл итгэсэн байна уу гэдгийг шалга.
6. Эх сурвалжийг дахин нягтал.
Мэдээллийн эх сурвалжийн нэр хүндийг судалж, цахим орчинд ямар байр суурьтайг нь шалга. Тухайн мэдээллийг хариуцлагатайгаар нийтэлж үү? Найдвартай жиргэж үү? Ямар нэг зөв бичгийн алдаа гаргаж уу? Текстэд байгаа баримт, үгийн товчлол, цогцолборын гарчиг зэрэг нь зохиомол эсвэл хэт хошигносон байна уу? гэдгийг бодож үзээрэй. Хэрэв та илүү их хичээл зүтгэл гаргавал WHOIS ашиглан веб сайтынх нь мэдээллийг авч болно.
7. Агуулгыг нь шалга.
Тухайн нийтлэлийг бичсэн хүний мэдээллийг ол. Үнэхээр жинхэнэ хүн үү эсвэл зохиомол нэр үү гэдгийг шалга. Дараа нь нийтлэгдсэн цаг, өдөр, байршлыг нь сайн ажигла. Мөн веб сайтаас харж байгаа бол хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдсэн, хэзээ шинэ мэдээлэл оруулсан бэ гэдгийг нь хар. Бас зураг дүрсэнд нь урвуу хайлт хийж, өөрчилсөн эсэхийг нь үзээрэй.
Худал мэдээлэл ямар аюултай болохыг АНУ-ын 2016 оны сонгууль илхэн харуулсан. Сонгуулийн өмнө 6.6 сая худал мэдээлэл Твиттерт жиргэгдсэн бөгөөд тэрхүү худал мэдээллүүдийг жиргэсэн хаягуудын 80 хувь нь санаатайгаар төөрөгдүүлэх зорилгоор хоёр жилийн өмнөөс нээсэн хуурамч хаягууд байжээ.
САНАМЖ:
Мэдээлэл нь үйл явдал эсвэл шийдвэрт тулгуурладаг.
Хэрэв та худал мэдээллийг ялгаж чадаж байвал бусад хүмүүст ялгахад нь туслаарай.
Хүмүүс үгнээс илүү зурагт итгэдэг.
Худал мэдээлэл нийтлэгчид өнгөц харахад үнэмшилтэй харагдахуйц өөрчилсөн зураг их ашигладаг.
Худал мэдээллийг хийх амархан.
Дижитал хэрэгсэл, тэр дундаа Фотошоп зэрэг програмуудыг хэн ч юунд ч ашиглаж болдог учраас ямар ч мэдээлэл, нийтлэл, зураг, бичлэгийг өөрчлөх боломжтой
Цахим орчинд чат бот, троллууд хаа сайгүй.
Хаяг бүр жинхэнэ биш гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: CRJ.org