Хятад улсад COVID-19-ийн хүнд тохиолдлуудыг урьдчилан илрүүлэхэд хиймэл оюуныг ашиглаж байна
Tencent-ийн судлаачид Хятадын бусад эрдэмтдийн хамтран бүтээсэн хиймэл оюун COVID-19 хүнд хэлбэрийн тохиолдлыг урьдчилан таамаглахад ашиглаж байна.
Байгалийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд COVID-19 тохиолдлын 6.5 орчим хувь нь хүнд хэлбэрээр өвчлөх магадлалтай байгаа гэнэ. Эдгээр тохиолдлуудын 49 хувь нь нас бардаг.
Тус өгүүлэлд "Эрт хугацаанд тэдгээр хүнд хэлбэрийн халдвар авах өвчтөнгүүдийг илрүүлснээр богино хугацаанд тэднийг аврах боломжийг олгоно" гэж бичжээ.
Ихэнх улс орнууд COVID-19-ийн эхний давалгааны төгсгөлд хүрч байгаа мэт харагдаж байгаа болов ч хоёрдахь давалгаа аль хэдийн эхэлжээ. Олон шинжээчид өвлийн саруудад дахин нэг давалгаа болно гэж таамаглаж байна.
COVID-19-тэй тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол аль өвчтөн хүнд хэлбэрийн халдвар авч, нөхөн сэргээх эмчилгээ шаардагдах эсэхийг шийдэх явдал юм. Италид дэгдэлт ид өрнөж байх үед эмч нар үүнийг шийдэж чадахгүй байсан учраас хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй зарцуулж, олон өвчтөн шаардлагатай эмчилгээ авч чадаагүйгээс амиа алдсан байдаг.
БНХАУ-ын COVID-19 эмнэлгийн ахлах зөвлөх Жун Наншань тэргүүтэй баг 2-р сард байгуулагдсан. Энэ багт Хятадын нийгмийн эрүүл мэндийн эрдэмтдээс гадна Tencent AI лабораторийн судлаачид багтжээ.
Nanshan-ийн баг тухайн өвчтөн хүнд хэлбэрийн халдвар авах эсэхийг урьдчилан таамаглаж чадахуйц гүнзгийрүүлсэн алгоритмд суурилсан хиймэл оюуны системийг бий болгохоор зорьжээ. Үүний ачаар өвчтөнийг эрт үед нь судалж коронавирусыг эсэн мэнд даван туулах боломжийг сайжруулахын зэрэгцээ эмнэлгийн ажилтнуудыг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус системийн эхний загварыг Хятад даяар 575 эрүүл мэндийн төвийн 1590 өвчтөнд туршиж үзсэн бөгөөд тэдгээрийн 1393-ийг нь зөв оношлосон байна. Удахгүй тус хиймэл оюуныг орон даяар хэрэглэж эхлэх гэнэ.
Эх сурвалж: artificialintelligence-news