Ирээдүйд хиймэл оюун ихэнх ажлын байрыг эзлэхүү?
Хиймэл оюун ухаан буюу(Artificial Intelligence A.I.-ийн талаар амтай бүхэн ярьж, түүний дараагийн хөгжил юу болохыг дэлхий нийтээрээ ажиглан хүлээж байна. Харин зарим хүмүүс хиймэл оюун ухааны талаар эсрэг байр суурьтай байдаг ч секундээр өөрчлөгдөн хувьсаж, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд түлхүү нэвтэрч буй технологийн дэвшлийн эрчийг сааруулж чадахгүй л байна.
Магадгүй ихэнх A.I.-ийг эсэргүүцэгч нар хиймэл оюун ухаан яваандаа хүн төрөлхтөнийг орлох вий хэмээн эмээж байгаатай холбоотой байх.
Гэхдээ түүний хэрэглээ хаа сайгүй гэдгийг та анзаарсан уу? Хиймэл оюун ухааны хэрэглээний энгийн жишээ нь хүн бүрийн ухаалаг утас юм. Ирээдүйд хиймэл оюун ухаан бидний амьдралд ямар өөрчлөлтийг авчирч болох талаар зарим жишээгээр тайлбарлахыг зорилоо.
Ажилчин ангийн давхарга үгүй болж хүн бүр хүссэн зүйлээ хийх боломж нээгдэнэ
Хүмүүс бид мөрөөдлийн тухай их ярьдаг. Хүн бүр мөрөөдөх эрхтэй ч мөрөөдлөө биелүүлэхэд нийгмийн зүгээс ирэх саад бэрхшээл их билээ. Хүүхэд бүр л багадаа хүссэнээрээ мөрөөддөг ч насанд хүрэх үед ихэнх хүмүүс мөнгө санхүү олох, гэр бүлээ халамжлах үүрэг гэх мэт олон шалтгаанаас болж ажилчин ангийн нэгэн болж хувирдаг. Ажилдаа хичнээн дургүй байсан ч нэгэн хэвийн, механик үйлдэл хийхийг шаарддаг ажлаа л хийнэ.
Тэгвэл хиймэл оюун ухаант роботуудыг бий болгосноор хүн төрөлхтөн илүү бүтээлчээр ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж болохыг Bloomberg болон Оксфордын судалгаагаар ирээдүйд робот эсхүл хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой 700 ажлын байрны жагсаалтыг танилцуулсан. Үүний дотор зээлийн эдийн засагчаас авахуулаад, ресепшин, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд, таксины жолооч зэрэг ажлын байруудыг хиймэл оюун ухаант роботууд орлон гүйцэтгэх боломжтой болохыг тодорхойлоод байна.
Энэхүү судалгааны үр дүнг сонссон ихэнх хүмүүс яг үнэндээ өөрийн эрхэлдэг ажлын байрыг хиймэл оюун ухаанд алдах болсонд маш ихээр дургүйцнэ. Ингэснээр амьжиргааны эх үүсвэрээ алдах магадлалтай учир ихээхэн айдаст автах нь тодорхой юм. Гэхдээ нөгөө талаас нь бодож үзвэл хүн төрөлхтөн энэхүү боломжийг ашиглан сэтгэлгээний хувьсал хийх боломжтой болж байна.
Алдарт сэтгэл судлаач Маслов хүний амьдралын хэрэгцээг 5 үе шаталбараар дүрсэлсэн. Эдгээр хэрэгцээ нь доороосоо дээш хангагдах бөгөөд хэрэв хүний хамгийн анхдагч хэрэгцээ болох доод 2 хэрэгцээ хангагдахгүй бол хүн сэтгэл зүйн болон оюун ухааны хэрэгцээгээ хангаж чаддаггүй байна.
Иймд хиймэл оюун ухааны хөгжил нь магадгүй бидний өмнөөс анхдагч хэрэгцээг маань хангахын тулд ажиллах юм. Робот бий болсноор тухайн улс ажиллах хүчээр хангалттай хангагдаж, үйлдвэрлэл хөгжин цэцэглэж, улс орны эдийн засаг тогтворжино. Түүнчлэн улс орон, ард иргэдийнхээ нийгмийн хангамжийг сайжруулах бүрэн боломжтой болно. Хэрэв иргэн бүрийн амьдрах анхдагч хэрэгцээ хангагдвал хүмүүс дараагийн 3 шаталбарын хэрэгцээг хангахаар өөрийгөө бүрэн дайчлах цаг хугацаа болон боломж бололцоотой болохоос гадна нийгэм маань бидний мөрөөддөгчилэн илүү эрх чөлөөтэй, хүмүүнлэг, ардчилсан болон хувьсан өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй юм.
Эх сурвалж: meduim