Европт 17 секунд тутам 1 хүн коронавирусын халдвараар нас барж байна
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Европт 17 секунд тутамд 1 хүн коронавирусын халдварын улмаас нас барж байгаа нь тогтоогджээ.
ДЭМБ-ын Европын бүс нутгийг хариуцсан захирал Ханс Клюгегийн мэдээлснээр Европын бүс нутагт багтсан 53 улсад коронавирусын халдварын нийт 15.7 сая тохиолдол бүртгэгдсэний 4 сая нь өнгөрсөн 1 сарын дотор бүртгэгджээ. Түүний хэлж байгаагаар сүүлийн 2 долоо хоногт Европын улс орнуудын 80 гаруй хувьд нь коронавирусын халдвар 100 мянган хүн тутам 100-гаас олон бүртгэгдэж байгаа ба Европын эрүүл мэндийн тогтолцоо боломжоо шавхан ажиллаж байгаа аж.
Франц улсад л гэхэд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудын ор дүүргэлт 95 хувьтай байгаа бол Швейцарид хэдийн 100 хувьд хүрчээ. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар Европт коронавирусын халдварын тохиолдол буурч байгаа ч уг вирусын халдварын улмаас нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Эх сурвалж: interfax.ru