ДЭМБ: “COVID-19”-ийн вакцин цар тахлыг бүрэн ялан дийлэхэд хангалтгүй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусний вакцины хөгжүүлэлт хийж байгаа 3 компанийн эмнэлзүйн сүүлийн шатны туршилтын урьдчилсан үр дүн өндөр байгаад талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ дэлхий нийтээрээ вакцин гарснаар цар тахлыг ялан дийлнэ гэж итгэж найдаж байгаа ч богино хугацаанд ийм боломж бүрдэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэйг сануулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн шинэ коронавирусний вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлэг, нийгмийн халамжийн ажилтнууд, багш, боловсролын байгууллагынхан гээд эрсдэлд бүлгийнхнийг хамруулах ёстойг сануулсан. Тиймээс вакцинууд гарлаа ч "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх, тархалтыг тогтоон барих хорио цээрийн дэглэмүүдийг урт хугацаагаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстойг онцлон сануулсан байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус, "Ойрын саруудад шинэ коронавирусний халдварын тархалттай тэмцэх шинэ арга хэрэгсэлтэй болох нь гэсэн найдвар төрүүлсэн мэдээллийг бид хүлээж авч байна.
Гэвч өнөөдөр хэд хэдэн оронд тэр дундаа Европ, Америкт батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж эрүүл мэндийн салбарын ажилтнууд нь, эрүүлийг хамгаалах систем нь туйлдахад хүрч байгаад маш ихээр сэтгэл зовниж байна. Тиймээс илрүүлэн тусгаарлах, хавьтагчдыг тогтоож хөл хорих, шинжлэн эмчлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх шаардлагатай байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусний вакциныг ирэх 2021 оны эхний хагаст тодорхой хязгаартайгаар нийлүүлж эхэлнэ" гэж тооцоолж байгаагаа мэдэгдсэн юм.
Мөн ДЭМБ-ын шинжлэх ухааны ахлах ажилтан Сумьяа Сваминатан, "Бид одоо төлөвлөлтийн шатандаа байна. Юуны түрүүнд эрсдэлт бүлгийнхнийг вакцинжуулж, хамгаалах нь бидний үүрэг зорилт болоод байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн ажилтнууд, шинэ коронавирусний эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж байгаа хүмүүс үүнд багтаж байгаа юм.
Мөн тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үр дүнтэй, аюулгүй вакцин гарган авах боломжтойд тооцогдож байгаа компаниудтай хамтран ажиллаж байгааг мэдэгдсэн. Түүнчлэн эмнэл зүйн сүүлийн шатны туршилт хийгдэж байгаа вакцинууд үр дүн, хадгалах нөхцлөөс авахуулаад өөр байгааг сануулж байна. Тодруулбал зарим вакцин өндөр настнуудад илүү тохирохуйц бол нөгөө хэсэг нь хадгалалтын болон тээвэрлэлтийн онцгой горим шаардахуйц байна. Тиймээс улс орнуудад сонголт хийх боломж олгохын тулд вакцинуудын багц шаардлагатай" хэмээн онцолсон.
Үүний зэрэгцээ цар тахал эхэлснээс хойш ДЭМБ-ын төв штабын нийт 65 ажилтан шинэ коронавирусний халдвар авсныг тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Фарах Дахлаллах баталлаа. Халдварын батлагдсан сүүлийн 5 тохиолдол нэг голомтоос дэгдсэн төдийгүй нэг нь Ерөнхий захирлын багт ажилладаг байсныг мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN